ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү “хормойгоо чангалах”-ыг сануулж, Ө.Энхтүвшин “энгэрээ суллах”-ыг зөвлөв

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-28

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжив.  Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлснийг Д.Оюунхорол гишүүн илтгэлдээ дурдлаа. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Харин үдээс өмнөх хуралдаанаар гаалийн татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “хормойгоо чангалах”-ыг сануулж, хариуд нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “энгэрээ суллах”-ыг зөвлөсөн юм.

Тодруулбал, О.Баасанхүү гишүүн Замын-Үүдийг чөлөөлөх нэрийдлээр газар нутгаа бэлэглэх гэж байна хэмээн бухимдсан юм. Тэрбээр “Тэтгэвэрт гарах нас нь болсон гээд улсаа харьд уусгах гэж зүтгэж байгаа хүмүүс байна. Бид гуравхан сая хүн амтай. Бүр хууль болгоод оруулаад ирлээ. Би л хувьдаа ийм хуулийг дэмжихгүй. Төрд олон жил бугшаад сүүлдээ цайрна гэдэг шиг юм болж байна. Одоо боль Ө.Энхтүвшин дарга аа.

Гэрээ нэрээр очоод хятадуудыг 30 хоногоор дуртай үедээ бай гэж байна. Эрлийзжүүлэлт явуулах гээгүй бол одоо боль” хэмээн эрлийзжих аюулаас сэргийлж хормойгоо чангалахыг сануулав. Хариуд нь Ө.Энхтүвшин гишүүн “Энэ бол чөлөөт бүсийн хууль гэж бий. Энэ хуульд маш тодорхой заасан байгаа. Замын үүдээр өдөрт 7-10 мянган хүн хилээр гарч, худалдаа хийж байгаа. Чөлөөт бүс рүү ороод орсон хаалгаараа буцаад гараад явчих юм. Эрлийзжих гэсэн замбараагүй асуудал ярихаа боль” хэмээн зөвлөв.