ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Мөрийтэй тоглоом тоглосон Ё.Бат-Эрдэнэ, С.Баатарцогт нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-06

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн албаны тухай хуульд  зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилсэн.  Гадаадад зорчихдоо мөрийтэй тоглосон нь нотлогдсон хоёр албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. 

Мөрийтэй тоглоом тоглохгүй байх тухай өөрчлөлт оруулж, энэ тухай өмнө нь мэдээлсэн байна. Энэ хугацаанд иргэдээс 10 гаруй мэдээлэл ирүүлжээ. Хоёр мэдээлэл баримтаар нотлогдсон тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казинод тоглосон нь батлагдсан. МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь нотлогдсон тул ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ" гэлээ.

Мөн Мөн Засгийн газрын хуралдаанаар  төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дахь бэлгийн дарамт учруулсан аливаа үйлдэл гаргахгүй байх талаар нарийвчлан оруулах, албаны машиныг хувийн ажилд ашиглахгүй байх, гадаад томилолтоор явахдаа бизнес ангиллаар зорчихгүй байх зэрэг заалтыг ёс зүйн дүрэмд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.