ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“РЖД Интернэйшнл” Таван толгой-Зүүнбаян чиглэлд хамтарна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-06

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн салбар компани болох “РЖД Интернэйшнл” ХН-ийн дарга С.А.Павлов, "Оросын төмөр замууд" НХН-ийн Гадаад хамтын ажиллагаа, хилийн чанад дахь төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга И.В.Михайлюк нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Б.Энх-Амгалан сайд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч, өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Москва хотноо ажлын айлчлал хийх үеэрээ “Оросын төмөр замууд” НХН-ийн Гүйцэтгэх захирал О.В.Белозёровтой хийсэн уулзалтын талаар дурдсан байна. Мөн “РЖД Интернэйшнл” ХН-ийн дарга С.А.Павлов энэхүү уулзалтаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажилд “Оросын төмөр замууд” НХН оролцох, ингэхдээ гүүр, хоолойн зураг төсөл боловсруулах, рейльс төмөр нийлүүлэх, дээд бүтцийн менежментийн удирдлагыг хэрэгжүүлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д дэмжлэг үзүүлэх хүсэлтээ уламжиллаа. “РЖД Интернэйшнл” ХН-ийн төлөөлөгчид дээрх асуудлыг нарийвчлан судалсны дараа хурдан шуурхай, чанартай, төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.