ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Казиночдыг төрийн босгоор битгий давуул

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-07

Нэр бүхий өдөр тутмын сонины тэргүүн нүүрэнд “УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад баригджээ” гэсэн мэдээлэл хэдхэн өдрийн өмнө гарсан. Тэр даруйд хэвлэлийнхэн М-ээр эхэлсэн тав, Х-гээр нэр нь эхэлдэг хоёр гишүүнтэй холбогдож, тодруулсан ч буруутныг олж чадаагүй. Тэгвэл сэтгүүлчид асуудлыг чимээгүй орхихгүй нь тодорхой байсан учраас гал намжаахыг хүссэн үү, юутай ч өчигдөр болсон Засгийн газ­рын хуралдаан мөрийтэй тог­лоомын асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн бөгөөд төрийн албанд ажиллаж буй 10 иргэний талаар иргэдээс баримт ирж, хоёр нь баталгаатай болсон учраас албан тушаалаас нь чөлөөлж байна гэв. Тэр хэлэхдээ “Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон. Мөн “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт казинод мөрийтэй тоглож, үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон. Иймд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга З.Мэндсайхан нарт эдгээр хүмүүсийн албан тушаалаас нь чөлөөлөх үүрэг өглөө” гэсэн юм.

Харин хэвлэлийнхэн анхлан олон нийтэд мэдээлсэн УИХ-ын хоёр гишүүний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Ингэснээр гал намжаах гэсэн үйлдэл болов уу гэж олон нийт хардсаар үлдлээ. Үүнээс гадна бэлгийн дарамт учруулахтай холбогдуулж хууль гаргах, төрийн албан хаагчид цалингаас нь илүү үнэтэй бэлэг авахыг хориглох зэрэг төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх хэд хэдэн асуудлыг хуульчилж өгөх шийдвэр гаргаснаа танилцуулжээ. Төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр хилийн чанадад, мөн дотооддоо мөрийтэй тоглодог асуудал аль ч төрийн үед байсан. Одоо л эмхлэх гэж оролдож байгаа болохоос бүр улаан цагаандаа гарчихаад эх орондоо казино байгуулах лоббиг ч Их хурлын гишүүд нь хийж байлаа. Төрийн сэнтийд сууж буй хоёр улстөрч нь парламентын танхим дотроо “Чи бол казиночин. Чамайг казино тоглоод явж байхад чинь олж ирээ биз дээ” хэмээн хэрэлддэг, “Би хэзээ ч Монголд тоглохгүй” хэмээн баярхдаг увайгүй, ёсзүйгүй үйлдэл гарсаар л байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн нь хүртэл хилийн дээс алхаад л мөрийтэй тоглож байсан нь худлаа биш. Хилийн дээс алхсан л бол “намайг хэн тоож, нохойг хэн саах вэ” гэсэн үл тоосон хандлага гаргаж, эх орныхоо нэрийг сэвтүүлдэг энэ мэт тоглоомонд донтогчдод хуулийн хатуу хариуцлага ярих цаг нь болжээ.

Тухайлбал, ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ хэдхэн сарын өмнө тун ч шударга албан хаагчийн дүрээр ярилцлага өгч байлаа. Тэрбээр, гаалийн албан хаагч авлига авсан хэрэгт холбогдсон талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр зарим нэг шунал нь ихэдсэн хууль бус үйлдэл хийдэг нөхдүүдээс болж Гаалийн байгууллагын нэр төрд харшилсан үйл явдал болж байгаа нь харамсалтай” хэмээн ярьж байв. Гэтэл өөрөө харин байгууллагынхаа нэр төрийг сэвтээж, төрийн мөнгөөр тоглож яваад баригдав. Үүнээс илүү шившигтэй зүйл хаана байх билээ. Монголын иргэний агаарын тээврийн компанийн өндөр үүрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан С.Баатарцогт гэгч мөнөөх л мөнгөө багтааж дийлэхгүй болчихоод мөрийтэй тоглоод явж байжээ. Энэ бол мэдээлээд өнгөрөх асуудал биш юм. Тиймдээ ч хуулийг илүү хатуу болгож, насаар нь төрд ажиллах эрхийг нь хасах ёстой баймаар.

Монгол төрийн босгыг хэтэрхий намхан гэж үзсэн энэ мэт хүмүүсээс болж бид дэлхий дахинд ямархуу шившигтэй байдалд орж буйгаа өндөр Цэцийн дарга Д.Одбаярын ганцхан жишээгээр харлаа. Хилийн дээс алхлаа л бол казино тоглож, охид, эмэгтэйчүүдийг гутааж, доромжилсон үйлдэл гаргасан хэнбугай ч энэ төрд ажиллах, эргэж алхаж орж ирэх нүүргүй болгох ёстой юм. Монгол Улс хэдийгээр хууль бус мөрийтэй тоглоомыг хориглосон ч байшин бүрийн булан тохойд хууль бусаар ажилласаар байгааг нь баримтаар олж харж байна. Зарим нь илчлэгдэж, тэнд тоглож байсан хүмүүсийг нь хэвлэл мэдээлэл, иргэд мэдээлдэг болов. Гэтэл улстөрч гэхээр нуудаг, хаацайлдаг, жирийн нэг албан тушаалтан гэхээр жигтэйхэн хариуцлага ярьж, түүнийгээ мэдээлдэг байдлаар явж болохгүй. Төр нь хууль гаргасан бол түүнийгээ адилхан л хэрэгжүүлэх ёстой билээ.