ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголчууд 30 жил намд итгэж, намыг сонгоод юу хожив

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-07

Бид шударга, хариуцлага­тай нийгмийг мөрөөдөөд мөн ч олон жилийг ардаа үдлээ дээ. Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр өрсөлдөөний бохир хэлбэрээс залхаж, бодлоготой төр, ёс журамтай төрийн түшээдийн эрэлд гарсаар яваагаа нуух юун билээ. Ийм төртэй байхын тулд хамгийн түрүүнд хариуцлагатай хүнийг сонгох хэрэгтэй болдог. Харин төрд гарсан нь ийм байж чадаж байна уу гэвэл даанч үгүй. Тэгэхээр шударга сонгуулийг явуулах даацтай, чанартай хууль монголчуудад хэрэгтэй байгаа ч ээлжилж төр барьсан энэ хоёр намаас тийм зүйлийг мөрөөдөж, хүсээд ч нэмэргүйг парламентын тогтолцоотой болсон 28 жилийн хугацаанд хангалттай мэдэрлээ. Харин үүнийг өөрчилье, болохгүй алдаагаа засна гэсэн үлгэрийг эрх баригч нам ярьж, Үндсэн хуулийн өөрчлөлт гэх мөсөн чихрийг хэчнээн сар, жил биднээр долоолгов оо. Ёстой л “Туулын мөсийг долоож олсон” гэдэг шиг 28 жилийн алдаагаа ухаараад энэ удаа Үндсэн хуульдаа тогтолцоогоо хуульчилж, оруулан хэн дуртай нь өөрчлөхгүй байхаар тогтоож өгөх болов уу гэтэл горьдлого талаар өнгөрөх нь тэр. Тэгэхээр жил бүрийн Сонгуулийн тухай хуульд эрх барьж буй аль нэг нам нь ямар өөрчлөлт оруулна тэр нь Монгол Улсад төдийгүй төрд шууд тусгалаа олох нэгэнт тодорхой болов. Тэгвэл ойрын эх сурвалжийн хэлж буйгаар  эрх баригч нам болон сөрөг хүчнийхэн энэ өдрүүдэд ихэд найрсгаар зөвшилцлийн ширээний ард сууж, том тохироог хийх нь нэгэнт тодорхой болж гэнэ.

Тодруулбал, ирэх онд сонгуулиа холимог тогтолцоогоор явуулахаар дуу нэгтэй санал нэгдсэн гэх. Хэрвээ хоёр нам сонгуулийн холимог тогтолцоог сонгох юм  бол нөгөө бидний  мөрөөдсөн шударга, хариуцлагатай нийгэм, ёс жудагтай төрийн түшээдтэй болох ойлголт дахиад л үгүй болох билээ. Нөгөөх л “бор халзан хонь”-иуд төрд намын нэрээр гарч ирчихээд боов идэж, бохио зажилна. Хүчин хийж, хулгайгаа ч явуулах байлгүй. Төрд дархлагдсан мэт 25 жил УИХ-ын танхимд “зүүрмэглэж” суугаа нөгөө л хөгшин “бурхинууд” намын нэрээр жагсаалтын эхэнд эрэмбэлэгдэж орж ирэх билээ. Ц.Нямдорж гишүүн үүнийг “оймсны цоорхойд хавчуулагдсан” гэж мөн ч хоржоонтой хэлсэн дээ. Харин одоо тэд өөрсдөө оймсны цоорхой буюу холимог системийн цаана нуугдан дахин орж ирэх юм гэж хэн санах билээ. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 30 орчим жил болохдоо УИХ-ын сонгуулийг долоо дахь удаагаа  хийв. Ирэх онд найм дахь удаагийн сонгуультайгаа нүүр тулах гэж байна. Энэ хугацаанд сонгуулийн бүхий л тогтолцоог туршиж, сонгож, сонгогдох эрхийн талаар багагүй ойлголттой болсонсон. Нөгөөтээгүүр,  сонгууль явуулдаг үндсэн гурван зарчим байдгийг ч андахгүй мэдэх учраас илүү олныг нуршаад яахав.

Тухайлбал, Монгол Улсын хувьд  1992 онд олон мандаттай томсгосон 26 тойрог буюу  мажоритар, 1996, 2000, 2004 онуудад  нэг мандаттай 76 тойрог буюу  мажоритар, 2008 онд олон мандаттай томсгосон 26 тойрог буюу мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулж иржээ. Харин 2012 онд 48 гишүүнийг тойргоос 28 гишүүнийг нам эвслийн нэрийн жагсаалт буюу холимог системээр,  2016 оныг нэг мандаттай 76 тойрог буюу мажоритар тогтолцоогоор явуулсан байдаг. 2012 онд ямархуу хүмүүс төрд орж ирснийг ой санамжаасаа арчиж чадаагүй л яваа байлгүй.  Хэрвээ тохироо үнэн бол ирэх онд сонгуулийг холимог тогтолцоо буюу нам эвслийн нэрийн жагсаалтаар тойрог олдохгүй болсон, нэр хүнд нь тартагтаа тулчихсан популистууд, мөн ахмад улстөрчид орж ирнэ. Цөөнгүй олон тэрбумтнууд жагсаалтын урдуур эрэмблэгдэж, орж ирэхийг хичээнэ. Харин гайгүй мэдлэгтэй залуу үе, мөнгөгүй ч мэдлэг, сэтгэл хоёроос өөр зүйлгүй хэсэг бүлэг нь тулааны талбарт намынхаа өмнөөс “шархдаж”, тойргийн тулаанд ялагдал амсаад л хоосон үлдэх биз ээ. Энэ нь ухралт болохоос дэвшил лав биш. Нөгөө сахил­га баттай, шударга нийгмийг мөрөөдөөд ч хэрэггүй билээ. Энэ тогтолцоо УИХ-д өнөөг хүртэл хуулийн цоорхой ашиглан “өвдөг шороодоогүй” яваа ахмад гишүүдэд хамгийн ашигтай.

Тиймдээ ч оруулж ирэхийн төлөө Төрийн ордонд хэн хамгийн их “жороолж” явааг ард түмэн гадарлахтайгаа болов. Мөн нэр хүнд нь уначихсан намын дарга нар ч алгаа хорстол ташиж, энэ заалтыг дэмжиж суугаа нь дамжиггүй билээ. Бүтэн 30 жил жирийн иргэдийг аяга, шанага, халбага, сэрээгээр мунхруулж, төрийн түшээдээр сонгогдсон атлаа гавьяанаасаа илүү гай тарьсан атлаа дахиад л бусад улс төрийн хүчнүүд, нэр хүндтэй, нийгэмд зөвөөр үлгэрлэх залуу үеэсээ болом­жийг дахиж хулгайлах нь ээ. Бас л цадаж болдоггүй сэтгэл юмсанжээ. Өнөөгийн нийг­мийн тогтолцооны гажуудал, эмх цэгцгүй байдал, бурангуй үзэл, хуулийн завхрал, авлига хүнд суртал гэх мэтээр бүгдэд нь  хамаатай билээ. Бид ямар хүнийг төрд төлөөллөөрөө сонгоно хариуд нь тийм л нийгмийг хүлээн авдаг. Тиймээс эрх баригч нам хэдэн үеэрээ төрд шургалсан ахмадуудынхаа толгойг илээд байлгүй  улс төрийн их цэвэрлэгээг эхлүүлэх ёстой биз дээ, уг нь. С.Эрдэнэ, У.Хүрэлсүх дарга аа. Төрийн сангуудад гараа шургуулсан болон концесс, тендерийг танил талаараа хүртсэн, идээ амссан бүх тэрбумтан, намын халаас, санхүүжүүлэгч нартаа боломж олгож, сонгуулиа холимог тогтолцоогоор явуулах нь дэндүү хайран биш байна уу.

Үүнээс гадна залууст боломж олгох нэрийдлээр хэний ч танихгүй  хэдэн төгрөгтэй нөхрийг эсвэл даргын  цүнхийг сэмбийтэл барьж гүйсхийх нь төлөө урамшуулах нэрийдлээр хуулиа бантан болгох шаардлага байхгүй. Хий, хуй нь дарагдаагүй залуус төрд шургалах боломж бий болж байгаа. Харин ард түмний шүүлтүүрээр болсон болоогүй ч оруулж, хүн нэг бүрээр сонголт хийлгэвэл бас ч гэж дөнгүүр сонголт хийх ч юм билүү, хэн мэдлээ. Хариуцлагатай, шударга нийгмийг бүтээе гэж байгаа бол мэдлэгтэй, зүтгэлтэй хүмүүст боломж олгоё. Тог­тол­цоо­гоороо тоглох бус эс­рэгээр нь иргэдийнхээ сон­гуу­лийн талаарх ойлголтыг нэмэг­дүүлж, соён гэгээрүүлж гэмээ­нэ сонголт харин мэргэн болмоор санагдах юм. Монгол­чууд 30 жил намд итгэлээ, намд зүтгэлээ, намыг сонголоо. Харин юу хожсон юм. Залуус бидний хүсэн, хүлээсэн нийгэм биш байлаа, тэр чинь. Монголд өөрчлөлтийг авчрах шинэ залуу үеийн төлөөллөөр шинэчлэл хийж, цус сэлбэхийн тулд иргэдээ соён гэгээрүүлж, түмпэн шанагаар авлигадах байдлаа л арилгаж өгөөч. Төрийн албанд шургалсан төрөл, саднаа холдуулж, ургийн гагнаасыг таслахсан.