ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Болдбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асуухгүй бол зогсоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-07

МоАХ-ны УЗ-өөс өчигдөр Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, чөлөөт бүсийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. МоАХ-ныхон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гишүүдэд хандан Оюутолгойн гэрээтэй холбогдуулан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд чөлөөт бүстэй холбоотойгоор шаардах бичиг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор сонордуулах бичиг гаргаснаа танилцуулсан юм. Энэ үеэр МоАХ-ны УЗ-ийн гишүүн Б.Болдбаатартай цөөн хором ярилцлаа. 

-Монголын ардчилсан хол­бооноос гурван асуудлаар мэдэгдэл, шаардлага хүр­гүүлж байна. Шалтгааныг тоймлоод хэлбэл?  
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь улсын аюулгүй байдалд зориулсан бичиг баримт. Гэтэл үүний эсрэг бүх ажиллагаа явж байна. Хамгийн том жишээ нь чөлөөт бүсийг далимдуулж хөгжлийн бүс гэдэг зүйлийг байгуулсан. Хөгжлийн бүс нь хоёр талаасаа 900 га газар буюу нийт 1800 газар хятад иргэд  30 хоногийн дотор ямар ч визгүй зорчих, худалдаа наймаа хийх нэгдсэн ганцхан удирдлагатай ийм байгууллагыг байгуулахаар Ө.Энхтүвшингийн талаас хуулийн төсөл орж ирж байна. Энэбол дээрх үзэл баримтлалын эсрэг, хилийн дархан байх зарчмыг үгүй хийж Хятадтай нэгтгэж эхэлж байгаагийн илрэл. Манай эдийн засаг Хятадаас  99 хувь хараат болсон байгаа шүү дээ. Тухайлбал, Хятадын  хөрөнгө оруулалттай хэчнээн компани манай улсад үйл ажиллагаа явуулж байна гэдэг мэдээллийг үзээрэй. 

-Оюутолгойн гэрээтэй холбоотой олон зүйлийг ярьж байна. Тухайлбал, жилдээ 668 их наяд төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж байна гэлээ?
-2008-2018 оны хооронд 81.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Үүнээс улсын төсөвт 12.6 их наядыг төвлөрүүлсэн. Цаана нь үлдсэн мөнгө хаачсан нь мэдэгддэггүй. Энэ их мөнгө хулгайч нарын халаасанд орсон байх. Монголын баялаг дэлхийн зах зээлийн үнээр үнэлэгддэггүй. Тухайлбал, Хятад руу нүүрс, зэс дэлхийн зах зээлийн үнээр гардаггүй. Алт тодорхой хэмжээнд яригддаг боловч тэр нь нууц. Тухайлбал, Лондонд олон улсын биржийн үнээр Монголын баялаг Хятадад зарагддаг гэж бодож байна уу, үгүй шүү дээ. Дэлхийн номер нэг нүүрстэй улс чинь Монгол. Нүүрсний чанар, дотроо агуулж байгаа хорт бодис хамгийн багатай. Өвөрмонголын болоод хятадын зарим эрдэмтэд Монголын отог жинстэй малгай өмсдөг бол Тавантолгой отог жинс нь юм. Хамгийн чанартай нүүрсийг хамгийн хямд үнэ, тээврээр авч байгаа” гээд хятадууд баярладаг. Дээрээс нь Монголын Тавантолгойн үйлдвэрт зориулж БНХАУ-ын Бугат хотын Гангын үйлдвэр 10 сая тоннын өргөтгөл хийсэн. Мөн  20 сая тонн ган үйлдвэрлэдэг үйлдвэрийг өргөтгөж барилаа. Ингээд хоёр  дахин нэмэгдсэн. Энэ нь  Тавантолгойн коксжсон нүүрсийг хятад руу өдөр, шөнө­гүй зөөж байгаатай холбогдуулж үйлдвэрээ өргөтгөсөн. Нэг ёсондоо Тавантолгойн нүүрс Бугат руу гарахаа болилоо гэж бодох юм бол Ган ширмийн 10 сая тонны үйлдвэр зогсоно гэсэн үг. Иймээс хятадууд Тавантолгойгоо манайд өгчих гэж удаа дараа шаардлага тавьж байна. Оронд нь Монгол Улсыг хөгжүүлж өгье гээд байгаа шүү дээ. 

-Ардчилсан холбооноос тавьж байгаа гурван асуудлын нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Ямар шаардлагыг тавьж байгаа юм бэ?
-Монголын ардчилсан холбооноос Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нийт ард түмнээрээ хэлэлцүүл гэж байгаа юм.  Учир нь “Олуулаа хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгтэй адил олноороо хэлэлцье гэж байгаа юм. Үндсэн хууль бол түүхэн ач холбогдолтой хууль. Парламентад сууж байгаа гишүүд Монголын 3.2 сая иргэнийг сайн сайхан амьдруулъя гэж  бодож байгаа бол түүхэн үүрэг, боломж чинь байна. Энэ үүргээ биелүүлчих. Ингэхдээ нийт ард түмнээрээ хэлэлцүүл гэж байгаа юм. Түүнээс биш Ерөнхийлөгчийн засаглалтай болох гээд, хоёр танхимтай парламентын тухай ярихгүй байгаа. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгэм юм бол олонхоороо шийдье гэж байгаа юм.