ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Одбаярыг БНСУ-аас 10 хоног гарахыг хориглов

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-07

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-аас 10 хоног гарахыг хориглож, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.

Түүнийг БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт 11 цаг орчим байцаалт авсны эцэст ийм шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр бүгдийг үгүйсгэж байсан ч бичлэг үзүүлсний дараа байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албан ёсны эх сурвалжууд мэдээлж байна. 

Д.Одбаярыг мөрдөн байцаалтнаас гарч ирэх үеэр маш олон хэвлэлүүд цугларсан байсан бөгөөд сэтгүүлчид түүнээс "Та үнэхээр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн үү?", "Та болж буй үйл явдлын талаар юу гэж бодож байна?" гэж асуухад ямар нэгэн хариулт хэлээгүй байна.

Гэрч, хохирогчдын мэдүүлснээр, Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм.

Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх багийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү?. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна. 

Түүнтэй хамт явсан А-ийн хувьд баривчлах шийдвэр гарчихсан, БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх аж. БНСУ-ын зүгээс энэ хэрэг дээр Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болжээ.