ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСУ-д суух Элчин сайдыг Ц.Элбэгдоржийн хэрэгт хамаатуулан баривчилсан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-07

БНСУ-ын иргэн Ү Тэк Куан гэх иргэн энэ оны есдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хуульзүйн сайд Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт өргөдөл бичжээ.

Тэрбээр, өргөдөлдөө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, тухайн үед ЕТГ-ын даргаар нь ажиллаж байсан П.Цагаан, зөвлөх Л.Пүрэвсүрэн, БНСУ-д суух Элчин сайд Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнуудад гурван сая ам.доллараа залилуулж, хохирсон талаар дурджээ.

Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах мөнгө гэж 700 мянган ам.долларыг надаас авсан гэж хандсан аж. Түүний өмгөөлөгч К.Манлайгийн хэлж буйгаар тухайн иргэн нь Монголд төр засаг эргэж, шударгаар шийдэх хүмүүс төрд суусан болов уу хэмээн итгэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө энэхүү хүсэлтээ гаргаж, шалгуулахаар хандсан байгаа юм.

БНСУ-ын иргэний тухайд өөрийнхөө нэг сая ам.доллароор буяны үйл хийхээр болж, манай улсын гэр хорооллын иргэдэд үнэ төлбөргүйгээр шалны халаалт суурилуулах ажлыг хийж байсан нэгэн аж. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан БНСУ-д суух Элчин сайд Ж.Сүхээг Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан саатуулж, нэг сарын хугацаанд хорихоор болжээ.

Мөн АТГ-ын зүгээс ЕТГ-ын дарга асан П.Цагааны “Ачит-Ихт” компанийн байранд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарсан ч тус компанийн зүгээс ““Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгт холбогдуулан манайхаас нэмэлт мэдээлэл авсан. Бид хамтран ажилласан” гэх тайлбарыг өгсөн билээ.

Б.Тогтох