ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мөрийтэй тоглож байсан хоёр албан хаагчийн бичлэг задарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-07

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийж, нэр бүхий төрийн албан тушаалтнууд казино тоглож байсан нь баримтаар нотлогдсон учраас албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэдгээ мэдэгдсэн билээ. 

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарын баримт ил болсон учраас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ажлаас чөлөөллөө гэсэн юм. Улмаар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг эдгээр хүмүүст хариуцлага тооц гэсэн үүрэг өгсөн гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл энэхүү хоёр албан хаагчийн мөрийтэй тоглож буй бичлэг өнөөдөр соошл орчинд тавигдлаа. Үүнээс гадна “Нэр бүхий 10 хүний асуудлыг одоо шалгаж байгаа бөгөөд баримтаар тогтоогдоогүй учраас эцэслэн шалгах хүртэл нэрийг нь зарлахгүй. Харин баримттай нотлогдсоны дараа ажлаас чөлөөлж, хуулийн хариуцлага ярьж, мөн нэрийг нь олон нийтэд зарлана” хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.