ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Оюундарь: 100 мянган төгрөг төлөөд хүссэн үйлдлээ хий, мөнгөө төл гэснээс ялгаагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-07

 

-“Чам  дээр  ирээд  гацна  гэж  байхгүй  шүү,  хөгийн  муу  хүүхэн”  гэж  харааж  загнадаг- 

УИХ-ын гишүүн  Н.Оюундарьтай Ажлын байрны бэлгийн дарамтыг  хэрхэн шийдвэрлэх, хуульчлах талаар ярилцлаа.

-УИХ дахь эмэгтэй гишүүд 2015 оны Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлийг эргэн сэргээх талаар хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Аль ч цаг үед нуугдсаар байгаа бэлгийн дарамтын асуудлыг нийгэмд ил гаргаж, эмэгтэйчүүдээ хамгаалж, хуульчлах нь бидний ажлын салшгүй нэг хэсэг. Амьдралд нийцэхгүй байгаа шийдвэр, хуулийн цоорхой, алдаа, дутагдлыг боломжтой үедээ засч, залруулж байх ёстой болов уу. Бэлгийн дарамт нь гэмт хэргийн зүйлчлэлд заавал орох ётой.Ойрын өдрүүдэд ч ийм муухай хэрэг гарсаар байгааг та бүхэн хэвлэл, мэдээллээс уншсан байх. Хэрвээ тухайн хүнийг хүчирхийлсэн бол ямар нэгшинж  тэмдэг болон нотлох баримт хохирогчийн биед үлддэг учраас энэ нь нотлох баримтаар тогтоогддог. Харин ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчоос хуулийн байгууллага заавал нотлох баримт нэхдэг байна. Хохирогч нотолгоожуулж  авахын тулд янз бүрээр баримт цуглуулах болж байгаа юм. Тухайлбал, хувцас хунарыг нь урж тасдах ч юмуу аль эсвэл биед нь шарх,сорви үлдээх гэх зэрэг. Ийм хэрэг нууц хэлбэрээр үйлдэгдэж байгаа учраас цагдаагийн байгууллага хэргийг шийдэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Эрүүгийн хуульд энэ мэт асуудлыг зүйлчилж оруулах шаардлагатай.

-Та бүхэн судлаач, хуулийнхнийг оролцуулсан хэлэлцүүлэг хийхээр зэхжээ. Ямар ямар байгууллагууд оролцох бол?

-Энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд  “Ажлын байр-дарамтгүй орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. ХЗДХЯ, ХЭҮК, Хүний эрхийн дэд хороо болон төрийн бус байгууллагууд оролцоно. Европын холбоо манайхтай хамтран энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Мөн НҮБ, АНУ, Австрали, Унгар, Франц, Герман гэх мэт улсын Элчин сайд нар арга хэмцээнд ороцлоно. 

-Ажлын байрны бэлгийн дарамтад ямар нэг хэлбэрээр өртсөн хүн байвал хаана хандах ёстой юм бэ?

-Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтад өртсөн гэж үзсэн хүн Хүний эрхийн үндэсний комисст гомдлоо гаргах эрхтэй. Мөн ажил олгогч нь ажлын байранд дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаж оруулж өгсөн байгаа нь маш зөв зүйл.  

-Албан туршаалтны хүчирхийллийн хэргийг Эрүүгийн хуулиар шийддэг байсныг Зөрчлийнхууль руу оруулж 100 мянган төгрөгөөр л торгодог болгосон. Энэ нь бараг л  “Бэлгийн дарамт учруулж болно. Хамгийн чухал нь 100 мянган төгрөгөө төлөх чадвартай бай” гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа шүү дээ?

-Нөгөө талаараа тэгж хэлж болох юм. Зөрчлийн хуулийн өөрчлөлтийг хийх гэж бэлтгэж байгаа. Хууль үнэн бөгөөд, хатуу, зөв байснаараа дараа дараагийн гарах хор уршгаас иргэнээ хамгаалж, сэргийлүүлж байдаг. Харин ойлгомжгүй, тодорхой бус болоод ирэхээр хуулийн цоорхой болж олон хүнийг хохироож, амьдралд итгэх итгэлгүй болгодог. Үүний тод жишээ бол ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн албан тушаалтан 100 мянган төгрөг төлөөд л гүйцээ. Хүссэн үйлдлээ хий, мөнгөө төл гэснээс ялгаагүй хуулийн заалт үйлчлээд байгаа.

 -Та бүхний зүгээс ийм ёс бус үйлдэл гаргасан бол тухайн этгээдэд ял ногдуулах ёстой үзэж байгаа.  Яагаад өмнө  ял ногдуулахгүй торгох, хорио тогтоох байдлаар хуулийг өөрчилсөн юм бол.Үүнд эрх мэдэлтнүүдийн нөлөө орсон гэж ойлгож болох уу?

-Тухайн үед хоёр хуулийн өөрчлөлт дунд энэхүү заалтыг хавчуулж хийхээр нэгээс нөгөөд шилжүүлж, найдаж байгаад л дунд нь үлдээсэн болов уу. Ажлын хариуцлага, уялдаа тааруу байгаагийн шинж. Дээр нь ийм хэргийг голдуу албан тушаалтан үйлддэг учраас бас санаатайгаар үлдээсэн байж болно гэж хардахаар байгаа юм. Ял ногдуулах ёстой гэхээсээ илүү иргэд ажилдаа, нийгэмдээ итгэлтэйгээр алхаж, хөдөлмөрлөдөг болоосой гэж хүсэж бид энэхүү шийдлийг олны сонорт хүргэхийг хичээж байна. Ажлын байрны бэлгийн дарамт бүх салбарт чимээгүй нуугдсаар, оршсоор  байна.

-Энэ асуудлыг зөвхөн хуулиар л зохицуулах уу. Өөр арга, хэлбэр байна уу?

-Дан хуулиар бүх асуудлыг зохицуулана гэвэл өрөөсгөл ойлголт болно. Дээр нь яамд, аймаг, сумд,  төрийн байгууллагууд, Тамгын газруудгэх мэтээр байгууллагуудидэвхтэй дэмжиж, зохих журмыг гаргаж байгуллагадаа мөрдөх ёстой. Хүний эрхийн үндэсний комиссоос  2018 онд ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэх асуудлаар дүн шинжилгээ хийхээр 21 аймагт асуулга хүргүүлжээ. Гэтэл Дорноговь, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймаг хариу ирүүлээгүй. Мэргэжлийн хяналтын газар, Биеийн тамир, спортын газар, Статистикийн хэлтэс, Гаалийн газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар,  Ус цаг уур, орчны шинжилгээний газар,  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын  газар,  Боловсрол, соёл, урлагийн газар, Шүүхийн шинжилгээний алба,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Татварын хэлтэс, Санхүүгийн   хяналт  аудитын алба  зэрэг захиргааны 246 байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэднээс 179   нь   ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх заалтыг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаагүй. Хуулийн заалтыг ингээд л хэрэгжүүлээгүй байгаа юм.

-Хуулийн өөрчлөлтөд бэлгийн дарамт учруулсан гэдгийг хүчирхийллээс ялгаж өгч байгаа юу?

-Зохих хуулиудад өөрчлөлт оруулснаар ажлын байрандаа хүн ур чадвараараа өрсөлдөж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг, айдасгүй амар тайван болох учиртай. Ажлын байрны бэлгийн дарамт бол хүчирхийллээс өөр зүйл л дээ.

-Ихэвчлэн ажлын байран дахь бэлгийн дарамт далд хэлбэртэй байдаг болов уу. Хохирогчийн гомдол болон асуудлыг хэрхэн шийдэх вэ. Бодит амьдрал дээр хохирогчид давхар хохирдог тохиолдол их байна?

-Иргэн Ү Хүний эрхийн үндэсний комисст гаргасан гомдолдоо, “...Миний  бие  2017  онд  ...байгууллагад  диспетчерээр  ажилд  орсон. Ажлын эхний өдөр инженер Ш “чамайг дарга нартай танилцуулж  өгье,  чи  ахиж  дэвшиж  ажиллая  гэвэл  надтай  уулзах  хэрэгтэй”  гэж  хэлсэн.  Маргаашнаас нь миний гар утас руу байнга залгах болсон. Намайг шөнийн ээлжтэй  үед  ажил  дээр  ирж  “хайр  аа,  ядарч  байна  уу”  гээд  гараас  барьж,  гуя,  нуруу  илэх  зэргээр  миний  биеийн  эмзэг  хэсэгт  хүрэхэд  нь  намайг  уурлаж  дургүйцэхээр  “Чам  дээр  ирээд  гацна  гэж  байхгүй  шүү,  хөгийн  муу  хүүхэн”  гэж  харааж  загнаж,   юм  өшиглөж,  хана  цохиж,  над  руу  нулимж  доромжилдог. Инженер Ш нь надад байнга ажлын байран дахь бэлгийн  дарамт  үзүүлж,  хэвийн  ажиллах  нөхцөл  боломжгүй  болгосон  тул  энэ  асуудлаар  байгууллагын  удирдлага  болон  ёс  зүйн  хороонд  өргөдөл  гаргасан  боловч  шийдвэрлэхгүй  байна”  гэжээ.  Баримтуудаар  инженер  Ш  нь  диспетчер  Ү-д  ажлын  байран  дахь  бэлгийн  дарамт  үзүүлж,  түүний  эрхийг  ноцтой  зөрчсөн  болох  нь  тогтоогдсон  тул  Ш-д  хариуцлага  тооцуулахаар  тус  байгууллагын  даргад  Комиссын  гишүүний  бүрэн  эрхийн  дагуу  шаардлага  хүргүүлж,  шаардлагын  дагуу  түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Боловсролын салбарт энэ асуудал байсаар л...Хууль, дүрэм, журам тус сургууль дээр хэрэгждэггүй. Ажлын байран дээр архидах, завхайрах явдал хэрээс хэтэрч байгаа. Ажлын  байран  дээр  байнга  сэтгэл  зүйн  дарамт  үзүүлдэг.  Өөрөөр хэлбэл, “Ажлаасаа гар,зайл. Оронд  нь  ажиллах хүн байна” гэх  мэтээр  хувийн  үзэл  бодол  таарахгүй  хүмүүсийг  удирдлагууд  дарамталдаг.  Захиргааны  ажилтнууд  эмэгтэй  багш  нар  болон  оюутнуудад  уулзах  санал  хүчээр  тавьж,  шахалт  үзүүлдэг.  Уулзахгүй  бол  элдэв  хов  живэнд  оруулна  гэж дарамталдаг. Сургууль нийтээрээ энэ асуудлыг мэддэг ч зоригтой дуугарч хэлж чаддаггүй. Захиргааны залуу эмэгтэй ажилтнууд энэ асуудлаас болоод ажлаасаа гардаг ч юм билүү гэсэн бодолтой болсон гэх мэтээр голдуу эмэгтэйчүүд хохирогч болж байна.

-Бэлгийн дарамтад бага насны хүүхэд болон эмэгтэйчүүд голлон өртдөг. Эмэгтэйчүүд голлон хохирогч болж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хүчгүй, сул дорой хүмүүсийг тэд онилдог юм байна. Хохирсон хүмүүсийн дийлэнх нь ажлаасаа сайн дураараа гардаг аж. Гэр бүлээсээ салах, нөхөртөө зодуулах зэргээр давхар, давхар хохирч байгаа нь үнэн. Бид ажлын байр дарамтгүй орчны төлөө хүчээ нэгтгэж ажилламаар байна.