ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар: Нүүрсний үйлдвэрүүдэд таван хувийн татвар тавьж болохгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-07

АМНАТ-ийн талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-АМНАТ-ийг давхардуулж авч байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Харин Сангийн яам өөр байр суурьтай байгаа. Та Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Энэ асуудлыг улстөржүүлээд бие биенийгээ буруутай гэж ярих шаардлага  байхгүй. Монгол төрийн бодлого бол АМНАТ-ийн суурь таван хувиа авах ёстой. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд Шивээ-Овоо, Багануур, Шарын гол гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүдэд таван хувийн татвар тавьж болохгүй. 2.5-иараа явахгүй таван хувийн татвар тавьбал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэнэ. Дотооддоо нүүрсний үйлдвэрүүдээ дэмжих бодлогыг Уул уурхайн яамнаас гаргаад, шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэж анх удаа Монгол Улсад гарсан. Эрдэнэт, Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн роянд уурхайгаа түшиглэсэн олон үйлдвэрүүд ар араасаа гараад явах ёстой гэсэн бодлого барин ажиллаж байна. Үндэсний үйлдвэрүүдээ босгож гол зүйл нь татварын зөв бодлого. Өнөөдөр сонин хэвлэлээр буруу, зөрүү зүйл ярьж, мессэж өгч байгаа нь буруу. Ялангуяа Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ сэргээх асуудал зайлшгүй байх ёстой. Нөгөө талаар суурь таван хувь байхгүй болж байна, Нүүрсний компаниудыг дэмжиж байна, үндэсний үйлдвэрүүдийг дэмжихгүй боллоо гэсэн олон зүйл ярьж байна. Энэ бүх асуудлыг шийдэх, дундыг барьсан гарц гаргалгаа бидэнд бий.

-Сангийн яам бол Цэцийн шийдвэрийн дагуу ирэх оны төсөв тасарна гээд байгаа?

-Мэдээж Сангийн яаманд татварын асуудал эрхлэх асуудлынх нь хүрээнд байгаа. АМНАТ болон үйлдвэрлэлийн бодлого Уул уурхайн яамны мэргэжлийн чиг үүргийн хүрээнд байгаа учраас яамдын мэргэжлийн хүмүүс зөв ойлголцож энэ асуудлыг шийднэ. Үндэсний хэмжээний үйлдвэрлэлээ босгож ирэх, улс орны АМНАТ-ийн хөрөнгө мөнгө, газрын баялгаа ашиглуулж байгаа төлбөрийн хүртээмжийг иргэд олондоо зөв хүртээх концепц ерөөсөө алдагдаагүй. АМНАТ 2019 оны байдлаар 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй явж байгаа. Харин энэ сарын 1-ний байдлаар 1.1 тэрбумыг төвлөрүүлээд байна. Үлдэж байгаа хугацаанд 100 тэрбум ороод ирнэ. Ер нь орлого давах төлөвлөгөөтэй байгаа. 2020 онд 1.3 их наядыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажил явдгаараа л явна.

-Төсвийн орлого тасрахгүй гэж үү?

-Тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын ч маргаан юм шиг болж байна. Ингэж болохгүй. Монгол төр гэдэг бол нэгдсэн бодлоготой. Татварын төрийн бодлого явах ёстой. Татвартай холбоотой асуудлыг шийдэх бүрэн эрх Их хуралд байгаа. Тиймээс энэ УИХ-аар оруулаад асуудлыг шийдээд явна. Энд маргаан гараад байх асуудал баймааргүй л юм. Цэцийн шийдвэр гарсан. Цэц татварыг давхардуулж авч болохгүй гэж үзсэн. Үүнийг мэргэжлийн хүмүүс сууж ярилцаад, татварын бодлого болон төсөвт оруулах төлөвлөгөө ном журмын л дагуу явах ёстой. Түүнээс нийгэмд буруу ойлголт өгөөд, уурлаж бухимдаад байх асуудал байхгүй. Манай бүх орлого давж байгаа. Уул уурхайн яамнаас алт, нүүрс зэс, жонш, төмөр гэх мэт бүх зүйлтэй холбоотой төлөвлөөгөө 103-139 хувиар давж байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй.