ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элчин сайд нарыг хар тамхи, тамхины наймаанаас хол байхыг санууллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2020 оны Улсын төсөв болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх билээ. Хуралдааны эхэнд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нэр бүхий элчин сайдуудыг эгүүлэн татах, мөн тус улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцүүлж эхэллээ.

Ерөнхийлөгчтэй зөвшилцөж ирүүлсэн нэр бүхий Элчин сайд нарын танилцуулгыг хуралдааны эхэнд хийлээ. Тухайлбал, Куба /Ц.Батбаяр, Польш /Н.Батаа/, Тайланд /Т.Төгсбилгүүн/, Швед /О.Энхцэцэг/, НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд /С.Сүхболд/ нарыг эгүүлэн татаж, ОХУ /Д.Даваа/, Куба /Ш.Батцэцэг/, Польш /Б.Дорж/, Тайланд /А.Төмөр/, Швед /Т.Жанабазар/, НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгч /В.Энхболд/-өөр суулгахаар болсон бөгөөд тус бүрээр нь санал хураах юм. УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт авч, хариулт авч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав дипломат албаны Элчин сайд нар иргэдээ хүлээж авдаггүй гэх мэт асуудал байдаг. Энэ талаар хэрхэн анхаарч буйг тодруулав. Гадаад харилцааны сайд “Монгол хүний эрх ашиг бол Монголын эрх ашиг юм. Тиймээс Элчин сайд, Консулын албан тушаалтнууд таныг хүлээж авахгүй байгаа бол Гадаад харилцааны яаманд мэдээллээ ирүүлчихэж байгаарай.

Бид хариуцлага ярина. Тийм хүмүүстэй хамтарч ажиллахгүй ээ. Ер нь хүн бүхний асуудлыг ойлгож, хамтарч ажиллахыг хичээдэг. БНСУ-д суух Элчин сайдын яам гэх мэтээр иргэн бүртээ хүрч ажиллахыг хичээдэг олон газар бий” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Би Польш-Монголын парламентын бүлгэмийн дарга.

Тус улсаас манайд Элчин сайдын яам байхгүй. Үүнийг нээх асуудлыг хүчтэй тавих ёстой шүү. Польшийн Элчин сайд ирэх долоо хоногт ирнэ. БНСУ-д суух Элчин сайдын томилгоог нэн яаралтай оруулж ир. Тэр улсад байгаа Элчин сайдын яам хоёр жил Элчин сайдгүй явлаа. Үнэхээр өрөвдөлтэй байна" гэсэн юм. Мөн гишүүдийн зүгээс хар тамхи, тамхины наймаа зэрэг хууль бус асуудлаас хол байхыг санууллаа. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.