ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголын албан тушаалтныг байцаахдаа Солонгос улс хуулиа үл тоосон уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Улаанбаатар-Инчеоны KAL-ын нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх асуудалд нэр холбогдоод буй. Түүний тухай мэдээллийг БНСУ-ын зүгээс хэд хэдэн улс орны хэлээр дэлхий дахинд цацаж, мөн 10 хоногийн хилийн хориг тогтоосон байгаа юм.

Тэгвэл өнөөдөр өглөөний шинэ мэдээллээр түүний хэргийг Инчеоны цагдаагийн газраас прокурорт шилжүүлэхээр болжээ. Харин Д.Одбаярын зүгээс өчигдөр мэдүүлэг өгөхдөө "согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас юу ч санахгүй байна" хэмээн мэдэгдсэн бөгөөд өнөөдөр тус улсын Прокурорын байгууллагад эх орон руугаа нисэх зөвшөөрөл хүссэн аж. Энэ хүсэлтэд тус улсын талаас ямар нэг хариулт өгөөгүй байна.

Гэхдээ гадны улсын төрийн өндөр албан тушаалтан гэдэг утгаараа БНСУ-ын тал энэ хэргийг маш их дэвэргэж, өөрийн улсынхаа хууль тогтоомжийг уландаа гишгэж буйг ч олон улсын хэвлэлүүд онцолж эхлэв. Тодруулбал, БНСУ-ын "Онц ноцтой гэмт хэргийн ялын тухай тусгай хууль"-д сэжигтний нүүр царай, ажил албан тушаалыг дараахь тохиолдолд нийтэд ил болгодог аж.

1. Онц хэрцгий гэмт хэрэг

2. Онц ноцтой хохирол учруулах

3. Хангалттай нотлох баримт

4. Нийтийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлуудад тус тус ил болгоно. Мөн нүүр царайг ил гаргахын тулд Хувийн мэдээллийг нийтэд ил болгох долоон гишүүнтэй хяналтын зөвлөлөөр ярилцах ёстой байдаг ч энэ мэт хуулиа үл тоосон учраас энэ хэргийн цаана тодорхой эрх ашиг байв уу хэмээн хардаж байгаа юм. Иргэн Д.Одбаярын хэрэг онц ноцтой гэх гэмт хэргийн төрөлд хамрахгүй учраас хувийн мэдээллээ хуулиар хамгаалах ёстой байсан аж.

Мөн өмнө нь олон нийтэд ил болсон зураг цацсан ч тэр нь дээрх дөрвөн тохиолдлын аль нэг биш бол царайг нь ил гаргаж цацахыг хуулиар хориглодог гэнэ. Тиймээс ҮХЦ-ийн дарга тус улсаас сэтгэл санааны гэм хорыг Иргэний хуулиар нэхэмжлэх эрхтэй ажээ. Харин хамт явж байсан А гэгчийг интерполоор дамжуулан эрэн сурвалжлахаар болсон ч тэр нь А бус харин А.Батчулуун гэж хүн байсан тухай мэдээлэл цахим сайтуудаар гарч эхэллээ.