ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ:  Европоор дамжиж буй тамхины хууль бус наймаа ОХУ-аар дамжих эрсдэл байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

УИХ-ын чуулганы хуралдаанаар ОХУ, Куба, Швед, Тайланд, Польш гэсэн таван улс болон НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр суух зургаан Элчин сайдын асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжлээ. Гишүүдийн зүгээс дипломат албаны ёс зүй, хууль бус наймааны асуудалд үргэлж анхаарал болгоомжтой хандаж байхыг эдгээр нэр дэвшигчдэд сануулав. Тухайлбал, ОХУ-д суух Элчин сайд Б.Давааг дипломат харилцааны талаар ямар мэдээлэлтэй байгааг УИХ-ын гишүүн А.Сүхбат тодруулж, тус улсад ядахдаа “Тэргүүн шадар” цолтой хүн томилмоор байна гэв.

Гишүүний асуултад, нэр дэвшигч Б.Даваа хариулт өгөхдөө “Хоёр талт болон бусад харилцааг дипломат харилцаа гэж нэрлэдэг. Би сүүлийн 10 жил БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад ажилласан. Энэ хугацаанд 30-аад оронтой харилцаа холбоотой ажиллаж байсан. Үүн дээрээ нэмж судлах, суралцах зүйл цаашид байгаа” гэв.

Харин Элчин сайдаар цолтой хүн явуулах ёстой гэсэн гишүүний асуултад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, гадаад харилцааны салбарт мэдлэгтэй хүн томилдог. ОХУ-тай Б.Даваа генерал хүнийхээ хувьд олон жил хамтарч ажилласан. Тиймээс тэдэнтэй ярьж, туршлага хуримтлуулсан. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь генералтай дүйцэх цол гэж үздэг. Тиймээс Д.Даваа генерал өөрийнхөө ажиллаж байсан салбарт Элчин сайдаар томилогдох цолоо авчихсан” гэсэн хариулт өгөв. Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав Ерөнхийлөгч өөрийнхөө дэргэд ойрхон шадарлаж байсан зөвлөхөө ОХУ-д Элчин сайдаар томилж байгаа нь зөв шийдэл гэж дүгнэж байна гэлээ.

Монгол Улсын тухайд, тэр дундаа Ерөнхийлөгчийн хувьд “Эдийн засгийн коридор”, “Бүс ба зам”, хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах зэрэг стратегийн чухал асуудлыг хоёр хөрштэй ярилцаж байгаа учраас өөрийн ойрын хүнээ тус улсад Элчин сайдаар явуулж байгаа нь чухал гэлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Европын холбоогоор дамжиж буй хар тамхи, тамхины хууль бус наймаа ОХУ-аар дамжих эрсдэл их учраас дипломат ачаа, тээвэрлэлтэд хяналт тавихыг сануулав.

Тэр дундаа дипломат ачааг зөвхөн галт тэргээр явуулдаг болсноор хяналт сайжирна гэж үзэж буйгаа хэллээ. Польш улстай эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, Куба улстай дипломат харилцаа тогтооход маш сайн ажиллах ёстой гэх мэтээр хүн нэг бүрт хандаж, гишүүд үг хэлж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ томилоод явуулсныг нь ганцхан хэлэлцэх бус томилогдож ажиллаж байгаад ирснийг нь ч мөн УИХ-аар ярилцаж, ажлын тайланг нь сонсох ёстой гэсэн санал гарлаа.

Хуралдааны үеэр хэд хэдэн гишүүдээс БНСУ-д суух Элчин сайдын асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардсан бөгөөд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал “Эдгээр албан тушаалтнуудыг хэлэлцэж дууссаны дараа ойрын хугацаанд томилох Элчин сайд нарын асуудал байгаа. Удахгүй оруулж ирнэ” гэсэн хариулт өглөө.

Ингээд хүн нэг тус бүрээр санал хураалт явуулахад ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг /82.4 хувь/, БНКУ-д суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг /78.4 хувь/,  Швед улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг /82.4 хувь/, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболдыг /84.3 хувь/, БНПУ-д суух Элчин сайдаар Б.Доржийг /82.4 хувь/, Тайландын Хаант Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг /82.4 хувь/-ийн саналаар тус тус дэмжлээ. Хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж байна.