ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түүхэн дурсгалт барилгуудыг сэргээн засварлах ёстой гэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, АН-ын Соёл, спорт, аялал жуулчлалын бодлогын зөвлөл, "Улаанбаатар иргэдийн форум" хамтран “Соёлын өвийг хамгаалцгаая” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.11.08/ Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон салбарын мэргэжилтэн, архитектор, соёлын зүтгэлтнүүд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Соёлын өвийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын түүх, соёлын үнэт өв, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилга байгууламжуудыг нурааж сүйтгэх санаачилгыг гарган, иргэдийн оролцоогүйгээр гардан хэрэгжүүлэхийг завдаж буйг Улаанбаатар хотын иргэд эрс эсэргүүцэж, тэмцэж ирсэн билээ.

Дэлхийн сонгодог барилгуудын эх загварыг Монголын уламжлалт архитектурын шийдлээр баяжуулан урласан дахин давтагдашгүй түүхэн дурсгал болох Байгалийн түүхийн музей, Драмын Улсын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын сангийн барилгуудыг нураахыг эсэргүүцэж буйгаа салбарын мэргэжилтнүүд удаа дараалан илэрхийлсэн төдийгүй эдгээр барилгуудыг хүчитгэн, орчин үеийн шийдлээр сэргээн засварлах бүрэн боломжтойг ч  дотоод, гадаадын инженерүүд нотолсон байдаг.

Иймд Улаанбаатар хотын түүхэн цаг үеийн чимэг болсон эдгээр барилгыг аварч үлдэхийг хүсч буй иргэдийн дуу хоолойг нэгтгэн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.