ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: ФАТФ надад талархлын захидал ирүүлсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад оруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн албан тушаалаасаа огцрох өргөдлийг нь хэлэлцэхээр болсон ч УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.

Тэгвэл саарал жагсаалтад оруулсан буруутан хэмээн цоллуулж буй Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд саарал жагсаалт, ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Мөн намайг ФАТФ сайн ажилласан гэж урамшуулж, талархлын захидал ирүүлж байсан гэдгийг онцоллоо.

Ц.Нямдорж сайд хэлэхдээ “Танайх эрчимжсэн хяналтын зөвлөлд байсныг зөөлрүүлж, ердийн хяналтын зөвлөлд шилжүүллээ. Баяр хүргэе гэсэн захидал ирүүлж байсан. Зэрэглэлийг нь бууруулчихаж байгаа юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодож байсан ч оруулчихсан байсан.

Үүнийг сайн судлах хэрэгтэй. Монголбанкны Ерөнхийлөгч ярих зүйлийнхээ 10 хувийг л ярьж байна гэж байна лээ. Энэ хүнийг сайн сонсох хэрэгтэй. 2013 онд саарал жагсаалтад орж байсан. 2012 оны дөрөвдүгээр сард нэр бүхий гишүүд Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн төсөл санаачилсан.

Тэр хууль яг сонгуулийн өмнө батлагдсан. Энэ хуульд гадныхан маш их дургүйцсэн. Зах зээлийн өрсөлдөөнийг байхгүй болгосон хууль гэж дүгнэсэн. Банк санхүүгийн салбарт ч хүндрэл гараагүй байсан. Харин энэ хуулиас болж гадны хөрөнгө оруулагчид жилд 450-аар гарч байсан. Ингээд саарал жагсаалтад ороод 2013 оны наймдугаар сард “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийн талаар ярьж, мөн оныхоо наймдугаар сард тэр хуулийг хүчингүй болгосон. Ингээд сарын дараа л манайхыг саарал жагсаалтаас гаргасан.

Монголбанк, СЗХ-ны даргын үгийг сонсох ёстой юм. Энд ил гараад байгаа зүйл бол зөвхөн өнгөн талын асуудал” гэлээ. Мөн миний ахалсан ажлын хэсэг сайн ажилласан. Бүтэн жилийн хугацаанд ажилласаар байгаад 40 зөвлөмжийг бүгдийг нь хэрэгжүүлсэн гэсэн юм. Мөн БНСУ-д шалгуулж буй ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын талаар “Асуудал үүсээд маш хүнд байна.

Хөгшин эх нь байна. Үр хүүхэд нь байгаа. Үүнийг битгий дэвэргээд бай л даа. Элчин сайдын яам ажиллаж байгаа байх. Өмгөөлөгч авсан гэж дуулсан. Харцгаая. Монгол хүн гэдэг талаас нь хараарай та бүхэн. Буруу зүйл хийснийг үгүйсгэхгүй. Манай хуулийн байгууллага хүний нутагт хэзээ ч очиж үйл ажиллагаа явуулж болохгүй. Тухайн улсын тусгаар тогтнолд халдсан гэж үздэг. Тиймээс тухайн улс хуулиараа шийднэ. Харин монгол хүн, Монгол Улсын иргэнийхээ төлөө Элчин сайдын яам явах ёстой. Ингэх гэж л Элчин сайдын яам байдаг. Хүн алсан байлаа ч хүнийхээ төлөө явах ёстой шүү. Тэр хүнд хэцүү байгаа шүү дээ. Улс орны нэр хүндийн асуудал байна. 2003 онд хүн авчирсан асуудал чинь гадаадын тусгай хүчинтэй хамтарсан зүйл юм” гэв.