ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хар тамхины асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-13

Орлого, зарлагын хэмжээгээр түүхэн төсөв хэмээн дүгнэв

Өчигдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдав. Тодруулбал, Төсвийн байнгын хороо хуралдаж хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудал болон 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Харин Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хар тамхи, мансууруулах бодистой холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол хийх талаар хэлэлцэв. 2020 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр орлого, зарлагын хэмжээгээр түүхэн төсөв болсныг онцолж, ирэх оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд олон тооны эрсдэл байгааг санууллаа. Мөн орлогоосоо давсан зарлага төлөвлөөд байгааг анхааруулж, судалгаа хийн төсвийн тэнцвэрийг зөв олох шаардлагатай талаар санал хэлж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан төсвийн төсөлтэй холбоотой шүүмжлэлтэй байр суурь илэрхийлээд, Завхан, Увс, Улаанбаатарт баригдах цэцэрлэгийн төсөвт өртгийн зөрүүг шүүмжлэв. Мөн төсвийн зарим ерөнхийлөн захирагч нарын өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын зарцуулалт тодорхойгүй байгааг тодруулах, задаргаатай нь танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. О.Батнасан, Д.Оюунхорол нарын гишүүд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос эхлэн нэмэгдүүлсээр өнөөдрийн байдлаар гурван хувиар нэмэгдүүлээд байгаа бөгөөд ирэх оны эхээр дахин хоёр хувь нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид болон хөдөлмөр эрхлэгчдэд хүндээр тусна гэдгийг онцлов. 

 

Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгоно

Тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудал. Өнөөдрийн байдлаар албан ёсоор нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа юм. УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталсан байна. Харин уг тогтоолын төсөл батлагдсанаар хүүхэд бүхэн хүүхдийн мөнгө авах боломжтой болох юм байна. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар өрхийн орлогын онооноос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. Хүүхэд бүрт, бүр болохгүй бол хүсэлт гаргасан хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд 2018 онд санаачилсан. Төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдүүд энэ мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ асуудал жил гаруй хүлээгдэж байсныг өнөөдрийн байнгын хороогоор хэлэлцлээ. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулгасан. Уг тогтоолын төсөл батлагдвал өгөхөд бэлэн гэсэн үг” гэлээ. Ингээд хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг гишүүдийн олонх дэмжив. 

 

Татварын харилцан туслалцаа үзүүлэх конвенцид нэгдэхийг зөвшилцөв

Хуралдааны төгсгөлд “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэх тухай гэрээний төслийг зөвшилцөв. Татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгын дагуу “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох бэлтгэл ажлйг бүрэн хангасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын дагуу манай улс холбогдох байгууллагын гишүүнээр элсэн орж, эдгээр байгууллагаас тавьдаг стандарт, шаардлагуудыг Засгийн газраас боловсруулсан татварын хуулийн шинэчлэлд тусган, өргөн мэдүүлснийг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан. Ингэснээр Монгол Улсын дотоодын татварын эрх зүйн орчны дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон Европын холбооноос тавьж буй шаардлагад бүрэн нийцэх аж. 

Тэгвэл УИХ-ын Хуульзүйн байн­гын хороогоор хар тамхи, мансуу­руу­лах бодистой холбоотой хэрэг зөрчил ихэссэнтэй холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол хийх талаар хэлэлцэв. Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг энэ сарын 25-ны өдрөөр тогтоохоор төсөлд тусгасан хэдий ч УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар ирэх сарын 03-нд хийхээр тогтлоо. Сонсголд ажиглагчаар 10 хүртэл хүн оролцох бөгөөд, сонсголыг даргалагчаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх асуудал нь олон нийтийн анхаарал татсан, нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг учраас Ерөнхий хяналтын сонсголын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, ажиглагчдыг оролцуулах боломжийг хангах үүднээс Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг ирэх сарын 03-ны өдрөөр тогтоох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.