ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өгзөг барьсан эр зоригоо одоо л гарга, Д.Одбаяр дарга аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-15

Хүний нутаг гүний хошуунд хүүхний өгзөг базсан хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын тухай шуугиан намжих болоогүй ажээ. Энэ хүн онгоцонд 42 настай Б гэх иргэний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, БНСУ-ын “KAL” нислэгийн 20 гаруй насны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон гэдгийг дахин сануулъя. Мөн тэнд зорчиж байсан Монгол талын үйлчлэгч бүсгүйг “Эх орондоо очиход чинь зүгээр өнгөрүүлэхгүй” гэх мэтээр дарамталсан гэх шуугиан гарснаас хойш дэлхийн хэчнээн улс орны хэвлэлийн тэргүүн нүүрэнд Монгол гэдэг нэр муу, муухайгаар бичигдсэн гэж бодно оо. Герман, Итали, ОХУ, БНХАУ гэх мэтээр олон орны хэвлэл мэдээлэл БНСУ-ын “Ёонхап” агентлагийг эх сурвалжаа болгон мэдээллийг нь дэлхий дахинд тараалаа. БНСУ-д онгоцны буудал, дэлгүүр, үйлчилгээний газар, худалдааны төв гээд хаа сайгүй хүүхний өгзөг базсан Монголын төрийн өндөр дээд албан тушаалтны тухай мэдээлэл гарч, тэнд амьдарч буй 30 гаруй мянган монголчууд ёстой л нүүрээ хаана нуух вэ гэдэг нь боллоо.

Улсаа хөгжүүлж гавьяа байгуулахгүй атлаа улс дамжиж гай болсон төрийн албан тушаалтныхаа үйл лайг хэдэн монголчууд үүрч, хүний нутагт нүүрээ хийх газаргүй зовлоо. Зарим солонгосчууд илт дургүйцсэн хандлага гаргаж, монгол ажилтнаа ажлаас нь халах, монголчуудад үйлчлэхгүй гэх мэтээр хөөж гаргасан сураг ч дуулдаж байх юм. “Чингис хаанаас өөр гайхуулах зүйлгүй шалихгүй юмнууд” хэмээн доромжлуулах хүртлээ бид дэлхийн шившиг болцгоов. Гэлээ гэхдээ хүн хүндээ хайртай байдаг ёсоор унасан дээр нь дэвсэлж, хүний нутагт шившгээ хутгаж явахад нь нэмж нулимаад яах вэ хэмээн олон ч хэвлэл мэдээлэл энэ асуудалд цензуртэй хандсан. Эх орондоо ирээд хариуцлага хүлээхээс нь өмнө хүний нутгийн иргэдтэй нийлчихээд элдэвлэж, “ал, дүүжил, цаазал” хэмээн ял тулгаж байгаа нь буруу гэдгийг бид өмнөх дугаартаа хөндөж бичсэн удаатай. Гэхдээ энэ нь тэр хүнийг хариуцлагаас мулталж, толгойг нь илээд албан тушаалд нь үлдээ гэсэн санаа огтхон ч биш юм шүү. Тэр хариуцлага хүлээх ёстой. Бүр нэг номерт шүү. “Хөгшин настай ээж, үр хүүхэд, хань ижилтэй юм, зайлуул” гэж өмөөрөх, өмөлзөх шалтгаан ч бас биш. Тусгаар улсын нэр хүнд үйлчлэгч хүүхний өгзөг дээр “хальтирч”, улсаараа шившиг болсон энэ үйлдлийнх нь төлөө Д.Одбаярт авч болох бүх л хариуцлагыг тооцох ёстой юм.

Үндсэн хуулийн манаач байх үүргээс нь чөлөөлж, цаашлаад улс төрд дахин орж ирээгүй байх шийтгэл оноох нь зүйн хэрэг. Мөн тэнд байхад нь зарцуулсан БНСУ-д суух Элчин сайдын яамнаас гаргасан зардлыг ч нөхөн төлүүлж байж сая л шударга ёс яригдана. Ингэж байж л дараа, дараагийн “одбаярууд” хаана, хэрхэн биеэ авч явахаа мэддэг болно. Түүнийг эх орондоо ирсэн гэх мэдээлэл гарч эхлэхтэй зэрэгцэн хэвлэл мэдээллүүд ч энэ өнцгөөс асуудалд хандаж буйг дэмжих нь зөв билээ. Түүнд тавиад байсан хилийн хориг дуусаж, Д.Одбаяр 15 сая төгрөгийн торгууль төлөөд эх орондоо ирэх нь тодорхой болоод байгаа. Өчигдөр нэр бүхий сайтууд Тээврийн цагдаагийн албаны өндөржүүлсэн хамгаалалт дор эх орондоо ирсэн, нисэхийн VIP өрөөгөөр дамжин нуугдаж орж ирлээ, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан очиж тослоо гэх мэтээр мэдээлэв. Гэвч баттай эх сурвалжийн хэлж буйгаар эх орондоо ирээгүй байгаа аж. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан ч “Би тэр хүнийг чинь огтхон ч танихгүй” гэж мэлзэх нь тэр. Ирсэн, ирээгүй аль нь байлаа ч эх орондоо хөл тавьсан л бол энэ хүнд төрийн төмөр нударгыг үзүүлнэ гэж найдъя, УИХ-ын дарга аа. Д.Одбаяр 2016 онд УИХ-ын дарга М.Энхболдын квотоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байлаа.

Цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас УИХ-ын даргын зүгээс түүний нэрийг санал болгож, 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн чуулганаар хэдхэн гишүүний захиас сургамжтай, 100 хувийн дэмжлэгтэй энэ албан тушаалд очсон хүн. Дараа нь 2017 оны зургадугаар сарын 14-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн дунд сонгууль явуулж, түүнийг Цэцийн дарга гэсэн албан тушаалд томилж байв. УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга, Хуульзүйн сайд гээд хийгээгүй үлдсэн ажил тун ч ховор доо. Монгол Улсын дээрээсээ дөрөв дэх төрийн өндөр албан тушаалд томилогдож, албаны тансаг машин, цалин хангамжаар бөмбөгдүүлж яваа нь багадаагүй л байлтай. Ханийнх нь нөмөр нөөлөг багасчихаагүй баймаар. Юу дутсан гэж бүсгүй хүнд бэлгийн дарамт үзүүлснийг зөвхөн Д.Одбаяр л өөрөө мэдэх биз. Монголын төр лав хангалттай их хайр, халамжаа өгсөн билээ, танд. Харин та төрийн хайрыг дааж чадаагүй атлаа хөгшин настай ижий, үр хүүхдээрээ бамбай хийх шаардлагагүй юм сан. Үнэхээр л бусдын бичээд байгаа шиг жудагтай, журамтай эрийн хуйх юм бол Улаанбаатар хотод газардсан даруйдаа л эр хүн шиг уучлалт гуйж, албан тушаалаасаа огцорч байна гэдгээ мэдэгдэх эр зоригтой л байх ёстой.

Тэгж чадахгүй ээжийнхээ хормой, намынхаа нөмөр дунд нуугдаж, Үндсэн хуулийн цэц гэсэн энэ өндөр сэнтийд суусаар байвал хэчнээн шившигтэй байдалд орохоо ойлгоно биз. Хүүхний өгзөг базахдаа л үүнийгээ ойлгож, ичих булчирхайгаа ажиллуулах ёстой байсан юм. Базаж болсон эр зоригийг одоо уучлалт гуйж, ажлаа өгөхдөө гаргах байх гэж ард түмэн чинь хүлээж байна, таныг. Саарал байшиндаа зургаан сар “бүгэж” байгаад арилна гэсэн бодол тээж яваа бол эндүүрч буйг тань сануулъя. Ардын нам ч гэсэн хормой хотны энэ мэт асуудлаа эхнээс нь шийдэж, хариуцлагын асуудлыг ярихгүй бол 2020 оны сонгууль танай намын хувьд хатуухан даваа болох вий. Ард түмэн хэдийгээр загасны ой санамжтай ч арай ч улс дамжиж шившиглэсэн энэ муухай үйлдлийг мартахгүй байх аа.