ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Монголд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-15

СЭМҮТ-өөс орон нутаг болон нийслэлийн мэргэжлийн эмч нарт зориулсан “Хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдэд  сэтгэлзүйн зөв­лө­гөө өгөх” сургалтыг зохион байгуулав. Энэ үеэр “Сэтгэц эрүүл бол бие эрүүл” хэмээх үгийг мэргэжлийн эмч илтгэлдээ онцлов. Тухайлбал, Монголд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага судgлж гаргажээ. Энгийнээр хэлэхэд,  хүнтэй зүй бусаар харьцдаг, байнга хүн шүүмжилдэг, аливааг хүлээж авах чадваргүй, олон нийтийн анхаарлын төвд байх сонирхолтой  зэрэг олон  төрлийн сэтгэцийн эмгэг байдаг талаар мэргэжлийн эмч нар ярьж байлаа.

Хамгийн харамсалтай нь энэ төрлийн өвчлөлтэй хүмүүс өөрийгөө мэддэггүй бөгөөд архи, мансууруулах бодисонд донтсон эсвэл галзуурсан, солиорсон хүнийг хэлдэг зэргээр хүлээж авдаг аж. Мөн Үндэсний статистикийн газрын “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-гаар бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл 31.2 хувь,  эдийн засгийн хүчирхийлэл 19.9 хувь, хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн нь 57.9 хувьтай байдаг аж. Харин махбодийн хүчир­хийлэлд өртсөн эмэгтэйн 44.9 хувь  нь бэртэл гэмтэл ав­сан гэдэг судалгааг гаргажээ. Тиймээс энэ төрлийн өвч­лө­лийн тоог бууруулж, ир­гэдийн сэтгэцийг эрүүл байл­гахад анхаарал хандуулж, хүчир­хийл­лийн хохирогчдод нэг цэгийн үйлчилгээний төв, хамтарсан багийн хэлбэрээр тусламж үйлчилгээг салбар дундын баг үзүүлж,  сэтгэл засал, сэтгэл зүйн туслалцааг давхар үзүүлж байгааг энэ үеэр тодотгож байлаа.

Хүчирхийллийн хохи­рог­чид болон хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлийг судлан тогтоох, тохирсон сэтгэл зүйн туслалцааг цаг алдалгүй үзүүлэх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, түүнчлэн хүн амын дунд гэр бүлийн хүчир­хий­лэл­гүй­гээр асуудлаа шийддэг зөв харилцаа ханд­лагыг гэр бүл, хамт олон,  ний­гэмд бий болгоход сэтгэл зүйч­дийн оролцоо туйлын шаард­лага­тай байгааг дурдав.  Дээрх  үйл ажиллагааг хэрэг­жүү­­лэхэд сэтгэл зүйчийн зөв­лө­гөө өгөх клиникийн арга аргач­лалыг боловсруулж, аймаг, нийс­лэлийн сэтгэл засалч, хүчир­хийллийн хохи­рогч­той ажил­лаж байгаа мэр­гэж­лийн эмчийн мэдлэгийг сайжруулах шаард­лагатайг ч энэ үеэр хөндөж байсан юм.
...Ингээд мэргэжлийн эмч нарын байр суурийг хүргэж байна.

 

Г.Мөнхжаргал: 18-35 насны залуус архинд донтож байна

/Дорнод аймгийн СЭМ-ийн Тасгийн эрхлэгч эмч/

-Манай аймгийн хувьд сэтгэцийн эрүүл мэнд тулгамдсан асуудлын нэг болоод удаж байгаа. Дорнод аймагт сэтгэцийн хүнд эмгэгтэй хөдөлмөрийн чадвараа алдсан 1000 гаруй иргэн бий. Бүгд эмчийн хяналтад байдаг. Жилдээ 600-700 хүн хэвтэн эмчлүүлдэг. Жилд 3-4 мянган хүн эмнэлэгт үзүүлдэг. Манай эмнэлэг гурван эмчтэй,  есөн сувилагчтай, 10 асрагчтай. Бидний хувьд мэргэжлийн гэхээс илүүтэй шийдвэр гаргах түвшний хүмүүсийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байдаг. Хөдөө, орон нутагт болон нийгмийн хэмжээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг ойлгох талаар нэлээд өрөөсгөл. Төсөв мөнгө хангалтгүйгээс үүдэж, заримдаа өвчтөнд шаард­лагатай эмчилгээг үзүүлж чадахгүй тал бий. Өөрөөр хэлбэл, Сэтгэц эрүүл бол бие гэж үг байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ Монгол Улсын тулгамдсан асуудал болоод удаж байгаа. Мөн тархины гэмтлийн шалтгаантай сэтгэ­цийн үлдэц өвчин гэж байгаа. Энэ манай улсад өндөр. Тухайн хүн ямар нэгэн бэртэл гэмтлээс болоод тархинд энэ эмгэг үүсдэг. Энэ төрлийн өвчлөл өнөөдөр нэгдүгээр байрт жагсаж байх жишээтэй. Дараа нь сэтгэцийн эмгэгийн хүрээний эмүүд бичнэ. Мөн мансуурал буюу архидалт өндөр байдаг. Манай аймгийн хувьд 18-35 насны ид хийж бүтээх, нийгэмд байр сууриа эзлэх залуус архинд донтлоо. Мансууруулах төрлийн бодис хэрэглээд сахилгын шийтгэл хүлээсэн тохиолдол ч бий. Хэргийг нь хууль хяналтын байгууллага шалгаад, шийд­вэрлээд явж байгаа. Улсын хэмжээнд таван хүний нэг  нь архинд донтох өвчтэй. Гурван хүний нэг нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

 

Б.Жаргал: Монголд  хүчирхийллийн талаарх ойлголт хангалтгүй

/Анагаах ухааны доктор/

-Хүчир­хий­лэлд өртсөн төр­лөө­сөө шалт­гаа­лаад  хүүхэд бүрт илрэх шинж тэмдэг харилцан адилгүй. Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүр  ямар нэгэн сэтгэл зүйн эмгэгтэй болж үлдэнэ гэдэг харьцангуй ойлголт. Харин сэтгэл зүйн гэмтэлтэй болж үлдэхэд нөлөөлж буй хүчин зүйлс нь тухайн хүүхдийн биологийн онцлог, гэр бүлийн хүмүүжил, хувь хүний зан чанараас шалтгаална. Цаашилбал, хүчирхийлэл үйл­дэгч нь хэн байв, хэлбэр ямар байв гэдгээс хамааралтай. Үүнээс шалтгаалан хариу урвал янз, янз байдаг. Хүүхдийн нас бага байх тусмаа сэтгэл зүйн гэмтэлд өртөх магадлал өндөр. Бие махбодь, сэтгэл зүй, танин мэдэхүй, зан үйл талаас харилцан адилгүй илрэлүүд гарч ирдэг. Ихэвчлэн нойрондоо муудах, хар дарах, цочиж сэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн ядарч сульдах, шалтгаангүй турах, хоолны дуршил буурна. Харин зан үйл талаас бусад хүүхдүүдтэй зүй бусаар харьцах, гар утас болон мансууруулах бодист донтох зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. СЭМҮТ-д цөөнгүй хүүхдүүд  хэвтэж эмчлүүлээд гардаг. Мөн нийгэмд хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа. Аав, ээжүүдэд ч энэ талын ойлголт хангалтгүй. Хууль эрх зүйн орчин муугаас ихэвчлэн далд хэлбэрт шилждэг нь харамсалтай.

 

Т.Серикжан: Эмч нарын ажиллах орчныг сайжруулсан

 /Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга/

-Баян-Өлгий аймгийн хувьд сэтгэц, наркологийн 15 хүний ортой тасаг ажиллуулж байгаа. 2018 онд нийт 60 сая төгрөгийн засвар хийсэн. Энэ төрлийн үйлчилгээг үзүүлэхээр гурван эмчийг мэргэшүүлж, бэлтгэлээ. Эмнэлгийн зүгээс эмч нарыг ажиллах орчныг сайжруулсан байгаа. Мөн сэтгэц нөлөөлөх эмийн  хангалт аймгийн хэмжээнд хангалттай байдаг. Монгол Улсын сэтгэцийн эмгэгийн талаар нийгэм маш буруу ойлголттой шүү дээ. Заавал галзуурсан, солиорсон, архи мансууруулах бодисонд донтсон хүн ханддаг гэж ойлгодог. Гэтэл нийгэмд сэтгэцийн эмгэгтэй хэрнээ өөрөө анзаардаггүй хүн маш их бий. Тэр хүмүүсийн эмнэлэгт хан­дах хандлага маш сул бай­даг. Тиймээс нийгмийг хам­руул­сан сургалт явуулж, сэт­гэ­цийн эмгэгийн талаар сургалт, сур­тал­чил­гааг сайтар хийх шаард­лага­тай. Мөн манай аймгийн хувьд архидалт, мансууруулах төрлийн бодис хэрэглэх байдал нэмэгдэж байна. Тиймээс 2019 онд архигүй Баян-Өлгий аймаг аяныг эхлүүлсэн. Бүтэн жилийн хугацаанд үйл ажиллагаа явууллаа. Үр дүн хараахан гараагүй байна.

 

К.Елана: Нийгэмд  хүчирхийлэл элбэг байгаа

/СЭМҮТ-ийн ахлах мэргэжилтэн/

-Хүчирхийлэл үйлдэгч болон өртсөн хүмүүст зориулсан гарын авлагыг СЭМҮТ НҮБ-ын хүн амын сантай хамтарч хийсэн. Сургалтаар гарын авлагын эхний хувилбарыг танилцуулаад санал авах зорилготой. Сургалт нь 21 аймгаас болон нийслэлийн есөн дүүргээс мэргэжлийн байгууллагууд ирж оролцож байна.  Учир нь нийгмийн дунд хүчирхийлэл элбэг байгаа. Өдөр бүр мэргэжлийн эмч хүчирхийлэлд өртсөн хүмүүс болон үйлдсэн иргэнтэй таардаг. Тиймээс өртсөн хүн сэтгэл зүйн хувьд ямар таагүй байдаг. Үүнээс хэрхэн гарах вэ, ямар эмчилгээ шаардлагатай вэ зэргийг зөвлөсөн гарын авлагч бүтээсэн.