ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дордохын долоо нь “доголон” 19 болох вий

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-20

-Бүх талын зөвшилцлийг хангаагүй, дан ганц нэг намын эрх ашиг, 64 улстөрчийн кнопоор батлагдсан учраас өрөөсөн хөлөө гээж орхисон хэмээн тодорхойлжээ-


Одоогоос жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьчихаад байх үед “Үндсэн хууль бол монголчуудын хамтран амьдрах гэрээ” хэмээн тун ч оновчтой тодорхойлсон ярилцлагыг манай сонинд өгч байж билээ. Нээрээ ч дээрээ ганцхан хөх тэнгэртэй монгол хүн бүхэн Үндсэн хууль гэсэн нэг том гэрээний дор захирагдаж, түүнээс гажихгүй амьдарч яваа учраас хамтран амьдрах гэрээ хэмээн нэрлэхээс өөр яалтай. Тэгвэл ардчилсан шинэ “хамтран амьдрах гэрээг” 1992 онд баталснаас хойш 2000 онд нэг удаа, 2019 онд хоёр дахь удаагаа томоохон өөрчлөлт хийв, улстөрчид. 

Өмнөх хоёр парламентын үед яригдаж байсан нэмэлт өөрчлөлтийн 80 хувийг хэвээр хадгалж, өнөөгийн парламентын 63 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн амин гол “сүнс”-ийг нь алдагдуулахгүй, үндэсний зөвшилцөл, бүх талын дуу хоолой, санал бодлыг тусгасан хууль баталчихлаа хэмээн эрх баригч намынхан хөл газар хүрэхгүй баярлацгааж, хөгшин залуугүй тэврэлдэн “үнсэлцэж” байгаа. Харин нийтээрээ тохирчихлоо гэсэн энэ баяр хөөр хэр удаан насалж, хэдэн парламент дамжиж яригдахыг өөрсдөө ч мэдэхгүй байгаа нь харин үнэн. Сөрөг хүчин энэ удаагийн зөвшилцөлд гурван том санал оруулж ирсэн. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлэх, огцруулах эрхтэй болгох. Мөн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаас гадна намыг биш хүнийг дугуйлах байдлаар явах ёстой гэсэн санал оруулж ирсэн юм. Улмаар гуравдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар оруулж ирэхийн өмнөх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сөрөг хүчний хоёр санал дэмжлэг аваад байв. АН-ынхан ч Ардын намын өгөөшийг үмхчихээд, хөл хөөртэй давхиж явсан нь худлаа биш. Гэтэл яг санал хураалт болоход МАН-ын хоёр фракци нэг талдаа гарч суучихаад сөрөг хүчний саналыг унагаж, “гэнэтийн бэлэг” барьсан юм. Ерөөс аль талаасаа бодсон ч Ардын намд хүнийг нь дугуйлах холимог тогтолцоо ашиггүй.

Намын нэр хүнд, тэр дундаа УИХ дотроо ЖДҮ-чин, оффшорчин, авлигачид цугласан энэ цагт намаа хамгаалж үлдэхийн тулд сөрөг хүчний долоон улстөрчийн барьцаанд орж, тийм гэнэн алдаа хийхгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байжээ. Тиймдээ ч цонхны цаанаас чихэр долоолгож орхиод, хуулиа батлахдаа харин “шаг мад” хийчихэв. Үүнийг нь харин олонхийн бүлгийн дарга “та нар доголон хууль баталлаа” хэмээн тун ч оновчтой тодорхойлчихоод гарч одно билээ. Өөрөөр хэлбэл, бүх талын зөвшилцлийг хангаагүй, дан ганц нэг намын эрх ашиг, тэдгээрийн 64 улстөрчийн кнопоор батлагдсан учраас өрөөсөн хөлөө гээж орхисон хэмээн тодорхойлсон хэрэг л дээ. Нөгөөтээгүүр, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг буруу хазгай заалтыг эрх баригч нам энэ мэт олонхи гэдгээрээ хүч түрэн батлаагүйд нь талархах хэдий ч нэг намын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх гэсэн нэмэлт өөрчлөлт нь ирэх 10, 20 жилд “доголон 19 заалт” хэмээн цоллуулах вий гэсэн болгоомжлол буйг ч дуулгая. МАН-ын дангаараа баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ямар дүр төрхтэй, яаж өөрчлөгдсөн талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид өмнөх дугаартаа өмнөхтэй нь харьцуулан хүргэсэн. Тэгвэл энэ удаа онцлох гол заалтууд юу байх талаар ойлгомжтой байдлаар тайлбарлая. 

 

2020 оны тавдугаар сарын 25-наас орон даяар хэрэгжинэ 

Зургадугаар сарын 28-ны өдөр өргөн барьж, таван сарын хугацаанд УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанаар 36 удаа хэлэлцэхдээ 106 цаг ярилцсан шинэ нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас орон даяар хэрэгжиж эхэлнэ. Үндсэн хуулийн 70 зүйлээс энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр нийтдээ 19 зүйл 36 заалтад өөрчлөлт оруулжээ. Нийтдээ “эцэг” хуулийн 28.5 хувьд өөрчлөлт оруулав. Үндсэндээ таван суурь зарчмыг баримталсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг өргөн барихдаа хэлж байлаа. Тухайлбал, УИХ-ын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх, шүүхийг хараат бус байлгах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээс гадна Ерөнхийлөгчийн засаглал болон төрийн байгууллагатай холбоотой зүйл заалтыг өөрчлөв. 2000 оны дордохын долоон заалтаас зургааг нь шинэчлэн, өөрчилжээ. УИХ-ын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхдээ 20 гишүүн суугаад хууль баталдаг байсныг өөрчилж, хууль батлах босгыг нийт гишүүдээс 50-иас илүү хувь буюу 39-өөс дээш гишүүнээр тогтоож өглөө.

Ээлжит чуулган хагас жилд нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг байсан бол шинэ хувилбараар 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Мөн өмнөх хувилбарт улстөрч нь гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг зөвхөн Их хурлаар хэлэлцэж шийдэх, эсвэл шүүх тогтоосон тохиолдолд парламент хэлэлцэж байсныг энэ удаа Үндсэн хууль зөрчсөн, эс бөгөөс тангаргаасаа няцвал эгүүлэн татах заалт шинээр нэмэгдсэн юм. Ингэснээр улстөрчдийн ёсзүй, өргөсөн тангарагтаа үнэнч байх чанар нэмэгдэх гэнэ. Сонгуулийн жил болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн хуульд гар хүрэхийг хориглох, хуулийн биелэлтийг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах цоо шинэ заалт орж ирэв. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоохоор зохицуулжээ. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрх болгон заасан нь онцлох өөрчлөлтийн нэг байлаа. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байснаар аль нэг улс төрийн хүчин гарч ирээд өөр бодлого гаргахгүй, мөрийн хөтөлбөрөө хэрэг­жүүлэх нэрээр төрийн бодлогыг хольж, солихгүй байх боломжийг бүрдүүлж, өгчээ. 

 

“Супер” Ерөнхий сайд 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ чуулганы индрээс “Би шүдгүй арслан шиг байна” хэмээн бухимдаж байсныг санаж байна уу. Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр тэр “супер” Ерөнхий сайд болно. Хэдийгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 онд хэрэгжиж эхлэх ч гэлээ Шинзо Абэ шиг эс бөгөөс Ангела Меркель шиг супер Ерөнхий сайд байхын төлөө ирэх сонгуулиар өрсөлдөөнд орж, намаа ялуулахын тулд илүү их хичээх болно гэсэн үг. Гүйцэтгэх засаглалтай холбоотой 39.1, 39.4, 43.2 гэсэн заалтуудад тус тус өөрчлөлт орсон бөгөөд Ерөнхий сайд болон Засгийн газрын сайдуудын дөрөв нь УИХ-ын гишүүн байж болно гэж өөрчлөв. 

Мөн Ерөнхий сайд өөрийнхөө танхимын сайд нарыг Ерөнхийлөгч болон УИХ-д зөвхөн танилцуулах бөгөөд өөрөө томилж, чөлөөлж, огцруулна. Өмнө нь хүн нэг бүрээр Их хурлаар хэлэлцэж, чуулганы хуралдааны ихэнх цаг хугацааг зөвхөн албан тушаалтныг халах, өөрчлөх, солиход зарцуулж байсан нь шилжилтийн Үндсэн хуультай хамт ард үлдэх нь ээ. Сайд нарыг зөвхөн танилцуулж, тэд УИХ-д тангараг өргөх л үүрэгтэй. Ингэснээр нэг сайд алдаа гаргахад ч тэр нь Ерөнхий сайдын алдаа болж харагдах учраас мэргэжлийн танхим байгуулах уу, эсвэл бялуу хүртээх байдлаар хэнийг нь хамаагүй танхимдаа оруулж, өөрийн толгойгоор “туг тахих” уу гэдэг нь Ерөнхий сайдын мэдэх хэрэг болон хувирав. УИХ-аар төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагыг өөрчилж болох ч Засгийн газраас оруулж ирсэн хэмжээг нэмэгдүүлж болохгүй гэж тусгаснаар Засгийн газрын бие даасан байдал, улстөрчдийн шантаажаас ангид байх нөхцөл бүрдэх нь ээ.

 

12 мянган хүн нэгдэж, нам байгуулна 

Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших иргэний насыг нэмэгдүүлж, 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн зургаан жилийн хугацаанд зөвхөн нэг удаа л Ерөнхийлөгч хийх бөгөөд энэ заалт 2025 оноос хэрэгжиж эхлэх нь. Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны доод хязгаар 40, шүүгчдийнх 30 байхаар тусгасан байгаа юм. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Шүүхийн сахилгын хороог ажиллуулах заалтыг оруулж өглөө. Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүйд ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээх томоохон зохицуулалтыг энэ удаагийн өөрчлөлтөд оруулж өгчээ. Тодруулбал, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” хэмээн тусгаж өглөө. Улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт Үндсэн хуульд байгаагүй бол нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалт оруулсан. Нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэж өөрчлөв. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны иргэн 1.2 сая гэж тооцвол 12 мянган хүн нэгдэж байж нам байгуулна гэсэн үг. Гэхдээ энэ заалтыг 2028 оны нэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдөх ажээ.

Мөн намын санхүүжилт ил байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэлтэйгээ зохицох ёстой. Түүнчлэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж оруулсан байгаа юм. Мөн хот, тосгод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр болж байгаа гэлээ. Ингэснээр 2020 оны эхний хагас жилд багтаан Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг хэлэлцэх, дагалдах хуулийн төслүүдийг өөрчлөх асуудлыг ярилцах гэнэ. Зургаан сарын турш амралтын өдөр, ажлын өдрийг ч үл ажран хэлэлцсэн “эцэг” хуулийн өөрчлөлт юутай ч Ерөнхийлөгчийн гарт очлоо. Төрийн тэргүүн хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавиад ч нэмэр гарахгүй билээ. Тиймдээ ч ёсчлон батламжлах магадлал өндөр байгаа юм. Гурван парламент дамжиж, он удаан жил яригдсан өөрчлөлт шинэчлэлтийг тултал нь хийж чадсан уу, шилжилтийн бус хөгжлийн Үндсэн хууль болж чадсан уу гэдгийг ярих нь эртдэнэ. Сайнаар уу, муугаар нь уу гэдгийг ч хэлэхэд эрт ажээ. Цаг хугацаа бүхний шүүлтүүр байдаг хойно 2000 оны алдааг залруулав уу, эсвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов уу гэдгийг өнөөдрийнхөө сэтгэл хөөрлөөр дүгнэн бичиж, шулуу­хан “good & bad” хэмээн дүгнэхээ түр азнах нь зүйн хэрэг биз ээ.