ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгохоор боллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-29

УИХ-ын чуулган өчигдөр үдээс хойш хуралдаж, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд батлагдсанаар өрхийн бүртгэлд бүртгэлтэй 0-18 насны хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох бөгөөд хуулийн төсөл 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлээгүй учраас хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцэв.  

Хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэрийг барих явцад дотоодод үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжийг экспортлох бөгөөд түүнд төлсөн татварыг 100 хувь буцаан олгох юм. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж хуулийн төслийг батлав. Мөн өчигдрийн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн Монгол Улсад өгсөн өгөөж болон цөлжилтөд хамаарч байгаа эсэхийг тодруулсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд Байгаль орчны яам, түүний харьяа газрууд хэрхэн ажиллах талаар чиглэлийг гаргаж өгснөөс гадна ойн түймэр зэрэг байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэх техник, төхөөрөмж авах хөрөнгө оруулалтыг хийсэн үр өгөөжтэй төсөл гэдгийг онцолсон юм.  Дугаар шилжих мөчид чуулганы хуралдаан хаалттай горимоор хуралдаж эхэлсэн юм.