ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан хуурамч мэдээллийг цэгцэлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-02

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Б.Саранчимэг, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл өгөв.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсож, энэ долоо хоногт УИХ-д өргөн барих нь зүйтэй гэдэг шийдвэр гаргажээ. Сонгуулийн тухай хуулийн төслийг ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах ёстой бөгөөд энэ сарын 25-наас өмнө батлах ёстой гэсэн үг юм.

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ярихдаа “УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн Сонгуулийн хуулийг тус тусад нь гаргана. Мөн тогтолцооны асуудал байгаа. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээв. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажилласан. УИХ-ын болон Орон нутгийн, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар УИХ-д суудалтай улс төрийн намууд болон бие даагч гишүүн оролцож ажилласан. 2015 онд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа гурван сонгуулийг нэг хуулиар явуулдаг болсон.

Ингэснээр 2016 оны сонгуулийг энэ хуулиар явуулсан ч эдгээр сонгуулиуд нь тус бүртээ өөр өөрийн онцлогтой учраас нэг хуулиар явуулах нь учир дутагдалтай гэж үзсэн. Гурван өөр тогтолцоог нэг хуульд зангидах нь буруу гэж үзээд салгахаар оруулж ирлээ. Тогтолцооны хувьд 50+26 гэж өргөн барьж байгаа. Үндсэн хуулиараа бид можаритор тогтолцоотой байна гэж тунхаглачихсан.

Тэгэхээр можаритор тогтолцоо нь дотроо таван янз. Нэгдүгээрт, улс нэг тойрог, хоёрдугаарт, бүс нэг тойрог, гуравдугаарт, аймаг нэг тойрог, дөрөвдүгээрт жижиг тойрог, тавдугаарт том, жижиг можаритор тойрог гэж байдаг. Одоо бидний өргөн барьсан нь тавдугаарх сонголт юм. 50 гишүүн жижиг тойрог болж, тойргийнхоо иргэд сонгогчдоос санал авна. 26 нь улс нэг тойрог болж 26 том тойрогт нэр дэвшсэн хүмүүс ард түмнээс санал авна. Тэгэхээр сонгогч хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, улсын том тойрогт орж ирсэн 26-аас нэг сонголт, мөн өөрийн тойрогт нэр дэвшсэн жижиг тойргийн нэг хүнийг сонгоно. Өмнө нь бол дандаа нам дугуйлдаг байсан. Хувь тэнцүүлсэн аргачлалаар тооцдог байсан. Одоо ард түмэн сонгож, эрэмбэлнэ” гэв.

Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу аливаа хуулийг өргөн барихаас нь өмнө олон нийтээр хэлэлцүүлж, мөн санал авдаг бөгөөд энэ дагуу 2018 онд 26 улс төрийн намын төлөөлөл, найман ТББ-ыг оролцуулан хоёр удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд нийтдээ 420 гаруй санал иржээ. Эндээс 320-ыг нь хуулийн төслийг боловсруулах явцдаа тусгахыг хичээжээ. Хэлэлцүүлгийн явцад тогтолцоо, шилжилт хөдөлгөөн, цахим зохицуулалт, сонгуулийн маргаан, сурталчилгааны асуудлаар санал их иржээ.

Ард иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авах асуудлыг хуулиар хатуу зохицуулах санал хэлэлцүүлгийн шатанд хамгийн их иржээ. Мөн шинэчилсэн гурван хуульд цахим орчныг хязгаарлахтай холбоотой заалт шинээр орсон бөгөөд фэйсбүүкийн хэрэглээгээр Азидаа нэгдүгээрт ордог аж. Тиймээс сонгуулийг шударга явуулах, тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах  үүднээс “Фэйсбүүк” компаний төлөөлөл гурван удаа Монгол Улсад ирж, компанийн зүгээс үзүүлж буй үйлчилгээнд орсон өөрчлөлтийг танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, хуурамч хаягнуудыг цэгцлэх, сонгогчдын тархийг угаасан, мөн нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан хуурамч мэдээллийг цэгцлэхээр болсон байна. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй гэлээ.