ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол залуу Австралид хүний амь аварчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-03

Австрали улсын Мельбурн хотноо Мэдээлэл технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй Т.Чингэс гэх залуу 26 настай бүсгүйн амийг аварчээ. Хэрэг явдал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр болсон бөгөөд залуу Австралин Кюунсланд мужийн Кайрнс хотод гурав хоног аялах зорилготой очсон байсан аж. Түүний буудалласан Пасифик буудлын долоон давхраас хар тамхинд донтсон бүсгүй үсэрч амиа хорлохыг завдсан ч залуу эр зориг, авхаалж самбаа гарган эрдэнэт хүний амийг аварчээ.

Т.Чингэс тавдугаар давхарт байрлаж байжээ. Буудлын хоёрдугаар давхрын усан сангаас хоёр эмэгтэй орилох чимээг сонсож, улмаар дээшээ харахад охин долдугаар давхрын тагтны гадна талд хамгаалалтаас зуурсан байдалтай байсан аж. Охин 50-55 кг-ын жинтэй бөгөөд “Би хар тамхинд донтсон. Надад хэн ч тусалж чадахгүй. Би үхмээр байна” хэмээн уйлж байсан аж.

Гэсэн ч залуу гараас нь чанга тэвэрч, тав орчим минут ярилцсаны дараа цагдаа нар ирж, охиныг буулган авсан байна. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа Австралийн Засгийн газар болон цагдаагийн албанаас түүнд хүний амь аварсан явдалд нь талархал илэрхийлсэн цахим шууданг мөн илгээсэн байна. Монгол хүний нэр хүндийг амьдарч буй улс орондоо сайн сайхнаар гаргасан эрхэм залууд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Мөн хэдхэн өдрийн өмнө онгоцонд мөн л монгол эмэгтэй бусдын амь аварсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.