ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

50+26 дэмжинэ, дэмжихгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-04

Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн бөгөөд МАН-ын зүгээс том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгосон билээ. Тухайлбал, 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

Х.Болорчулуун: Лидер улстөрчдийг 26 руу оруулна

/УИХ-ын гишүүн/

-Сонгуулийн тухай хуулийг өргөн барьчихлаа. Цаашид энэ талаар илүү нарийвчилж ярилцана. Гэхдээ нэг хүндрэлтэй зүйл нь нэг намаас томсгосон 26-д асуудал гарна. Сонгогч нарт нэлээд хүндрэл бий болно. Тухайлбал, 300-400 хүнээс нэг нэрийг олж дугуйлах маш хүндрэлтэй. Бодит амьдралд 50+26 хэрэгжих эсэх эргэлзээтэй. Бүлгийн хурлаар олон сонгогдсон буюу лидер улстөрчдийг 26 руу оруулна гэсэн бодлоготой байгаа юм шиг байна лээ.

 

Ж.Ганбаатар: Бүлгийн шийдвэрийг дагана

/УИХ-ын гишүүн/

-Би жижиг мажоритар тогтолцоог дэмжсэн.  Гэхдээ бүлгийн шийдвэрийг дагана. Бүлгийн хуралдаанаар нэгдсэн байр сууриа нэгтгээгүй. Тэр дундаа 26-г хэрэгжүүлэхэд процессын хувьд маш хүндрэлтэй. Энэ нь сонгогч нарт нэлээд бэрхшээл учруулна.

 

Ж.Бат-Эрдэнэ: Жижиг мажоритар тогтолцоог  дэмжинэ  

/УИХ-ын гишүүн/

-Өнөөдрийн нөхцөл байдалд УИХ-ын 76 гишүүний нэр хүнд маш муу байгаа. Олон нийтийн зүгээс олон асуудалд шүүмжлэлтэй хандаг. Энэ нь сонгогч нараас холдоод байгаагийн шинж. Тойрогтоо ажилладаг, иргэдийн санаа бодлыг сонсдог, хүсэл эрмэлзлийг нь төрийн бодлого болгодог зүйл байхгүй байна. Тиймээс энэ орон зайг нөхөхийн тулд  тогтолцоогоо өөрчлөх ёстой. Миний хувьд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог дэмжихгүй байгаа. Намын ард нуугдах, ард иргэдээсээ холдох, санал бодлоо нэгтгэх боломжгүй болно. Сонгуулийн тухай хуулиар янз бүрийн санал гаргаж байгаа. Миний хувьд шууд жижиг мажоритар тогтолцоог  дэмжинэ.

 

М.Билэгт: Үндсэн хуультайгаа нийцүүлэх байх

/УИХ-ын гишүүн/

-Үндсэн хуультайгаа нийцүүлээд, сонгуулийн тогтолцоогоо шийдвэрлэх байх. Одоохондоо энэ талаар байр сууриа илэрхийлэх боломжгүй.

 

Г.Тэмүүлэн: Цаг хугацаа болон техник технологийн хувьд боломжгүй

/УИХ-ын гишүүн/

-Миний хувьд 50+26 тогтолцоог дэмжихгүй. Сонгууль бүрээр тогтолцоогоо өөрчилдөг байдлыг болих хэрэгтэй. Улс төрийн намуудад асуудал үүснэ. Тухайлбал, 26-д 30 намаас хүнээ дэвшүүллээ гэхэд 700 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө. Тэгэхээр бүтэн ном гарч таарна. Цаг хугацаа болон техник технологийн хувьд боломжгүй.

 

Д.Хаянхярваа: 50+26 тогтолцоо нь Үндсэн хууль зөрчинө

/УИХ-ын гишүүн/

-Миний хувьд Үндсэн хуульд заасан мажоритар тогтолцоогоо дэмжинэ. Гэхдээ мажоритар  дотроо ямар байхыг УИХ болон намын бүлэг, зөвлөлүүд ярилцах байх. Түүнээс 50+26 тогтолцоо нь  Үндсэн хуулийг  зөрчинө.

 

Я.Содбаатар: Намууд болон нэр дэвшигчдийн эрх ашгийг хамгаалах ёсгүй

/УИХ-ын гишүүн/

-Сонгуулийн хуулийг сонгогчдын эрх ашгийг хамгаалсан шийдвэр  гаргах ёстой. Сонгуулийн хууль бол улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн эрх ашгийг хамгаалах ёсгүй. Иргэд  сонголтоо хийхэд энгийн ойлгомжтой  байх ёстой юм.

 

Д.Лүндээжанцан: Эцсийн хувилбар гараагүй

/УИХ-ын гишүүн/

-Сонгуулийн тогтолцоо нь намуудын зөвшилцлөөр орж байгаа. Манай намын бүлгийн хуралдаанаар ярьж, шийдэх байх. Эцсийн хувилбар гараагүй.