ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мажоритараа хуульчлах уу, буцаах уу

А.ОДСҮРЭН
2019-12-04

Арваадхан хоногийн өмнө УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Үндсэн хуулийн цэц 2016 оны сонгуулийн өмнө энэ заалтыг үндэслэн шийдвэр гаргаж хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог хориглосон байсан юм. Харин сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ заалт дахь “шууд сонгох” гэдэг үгийг авч хаясан бол сонгуулиа ямар ч тогтолцоогоор явуулж болохоор байлаа. Сонгууль бүрийн өмнө эрх баригч нам айсуй сонгуулийн тоглоомын дүрмийг өөрчлөхөөр хуульчил­сан. Энэ удаа 65-ын бүлэг Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болголоо. Одоо байнгын хороодоор хэлэлцүүлж, ногоон гэрлээр дэмжигдвэл УИХ-ын чуулганы хурал­даанаар хэлэлцүүлнэ. Харин өнөөдрийн дүр зургаар харахад, энэ удаагийн сонгуулийг 50+26 тогтолцоогоор явуулахаар хоёр нам санал нэгдэж байгаа мэт харагдавч дотроо бужигнаантай, хагаралдаантай, нэлээд эсэргүүцэлтэй тулгараад байгаа ажээ. Энэ хуулиар хоёр том намын лидерүүд намын жагсаалтаар 26-д жагсч, үлдсэн хэд нь 50 тойрогт нэр дэвших гэж “алалцах” болчихоод байна. Яг 2016 оны сонгуулийн дүр зураг харагдаж байгаа. Тойрог олдохгүй, тойргоо хэдэн жил тойгдож, хөрөнгө мөнгө зарцуулсан нэгэн нь гомдол тээж, хэн ч мэдэхгүй, хэний ч танихгүй хүмүүс гэнэт нэр дэвшиж тойрогт өрсөлдөж, бүр ялалт байгуулж УИХ-ын гишүүн болчихсон гашуун түүхтэй. 

Ардын намынхан энэ удаагийн тогтолцоогоо хэчнээн мажоритар гэж хэлж байгаа ч Цэцийн 2016 оны шийдвэртэй зөрчилдөнө. Түүнчлэн сонгогч нэр дэвшигчийн нэрийг дугуйлж байгаа ч сонгогдох эсэх нь намынхаа саналаас шалтгаалж байгаа учраас энэ тогтолцоо 2012 онд явуулсан сонгуулийн тогтолцоо, 2016 онд явуулах гэж байсан холимог тогтолцооноос ялгаагүй гэж үзэх хүмүүс олон байна. УИХ-ын 2020 оны сонгууль энэ УИХ-д өргөн барьсан хуулиараа явбал 2016 оных шиг тойрог булаалдах, аймаг дүүргүүдийн тойргийн тоон дээр нэлээд асуудал үүсэхээр байна. Тухайлбал, 76 мандатын 26-г намын жагсаалтынхан эзэлж, үлдсэн 50 мандатын төлөө хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдэг нь намын дарга нарын хувьд томоохон эсэргүүцэл, эгдүүцлийг төрүүлнэ. 2016 оны тойргоор авч үзвэл 50 мандатны 28 нь нийслэлийн “өмч” болж, 21 аймагт үлдсэн нь хуваарилагдана гэсэн үг. Арван аймаг нь тус бүр гурван мандат, гурван аймаг хоёр мандат, зургаан аймаг тус бүр нэг мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Нэг тойрог болдог Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булганыхан зургаан тойрогтой нийслэлийн хоёр дүүрэгтэй барьцана. Барьцахаас ч аргагүй. Бүхэл бүтэн аймаг нь нийслэлийн нэг дүүргээс долоон дор байна гэж байхгүй гэж үзнэ. 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлээгүй, лидер улстөрчид энэ удаа өнжинө гэж бодохгүй, нэр дэвшихийг бодно.  

Ардчилсан нам, Ардын нам аль аль нь нам дотроо хагарал зөрөлдөөнтэй байгааг ч хэлэх үү. Одоогийн УИХ-ын гишүүдээс ёс зүйн хариуцлага хүлээж, нэр дэвших эрхгүй болчихсон эрхмүүд олон байгааг ч хэлэх үү. Нам нь дэмжчихээр найдвартай залуу боловсон хүчний нөөц бололцоо хэр таарууг ч хэлэх үү. Өнгөрөгч сонгуульд нэрээ дэвшүүлээгүй, тохироо хийсэн, боломж олгосон гэх лидерүүд ирэх сонгуульд нэрээ дэвшүүлж л таарна. АН-аас 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлээгүй, ид насандаа яваа Да.Ганболд, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Л.Эрхэмбаяр нар нэрээ дэвшүүлэхийг л бодно. МАН-аас Су.Батболд, С.Баяр, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар ч гараа өргөхийг байг гэх газаргүй. Намуудын жагсаалтад орж ирсэн 26 нэр дэвшигч нийт сонгогчдын олонхийн санал авснаараа жагсч, аз од нь гийсэн 26 нь улаан шугамын урдуур орж амжих биз. Үлдсэн 50 мандатын төлөө тойргуудад нэрээ дэвшүүлж өрсөлдөнө. 

Хэрвээ одоо УИХ-д өргөн бариад байгаа хоёр намын санал нэгдсэн  мажоритар тогтолцоог УИХ-ын гишүүд хэлэлцээд баталчихвал ийм л юм болох нь ээ. Харин яг өнөөдрийн ордон доторхи нөхцөл байдлаар бол буцааж ч магадгүй нь. Намуудын залуу боловсон хүчнүүд, намын дэмжлэгээр өөрийн мэдэлгүй парламентын гишүүн болж амташсан “хэн ч биш”-үүд эсрэг кноп дарахад л гүйцээ. 

Дашрамд сонирхуулахад, сонгуулийн мажоритар гэдэг нь олонхи гэсэн утгатай франц үг. “Олонх”-ийн тогтолцоо бол сонгуулийн дүнг тооцох хамгийн анхны аргачлал гэж үздэг. Нэр дэвшигч тухайн тойргийн иргэдээс хамгийн олон буюу олонхийн санал авсан тохиолдолд гишүүнээр сонгогдоно. Түүнээс биш нийт иргэдийн санал их, бага нь огтхон ч хамаагүй.  Харин пропорцианаль тогтолцоо бол ардчилсан сонгуулийн тогтолцооны нэр төрөл ч дотроо хэд хэдэн хувилбартай. Намын нэрээр санал хурааж, нам дотроо жагсаалт гаргаж, парламентын гишүүдийг бүрдүүлдэг. Мөн хосолсон тогтолцоо гэж бий. Дээрх хоёр тогтолцооны давуу талуудыг нийлүүлсэн тогтолцоо. Өөрөөр хэлбэл, 76 гишүүний 38 нь шууд буюу олонхийн саналаар, 38 нь намын сонголтоор сонгогдоно гэсэн үг. 

Одоогоор Монгол Улсын УИХ-ыг сонгох нийт долоон удаагийн сонгууль явуулсан бөгөөд дөрвөн удаа жижиг мажоритар, хоёр удаа том мажоритар, нэг удаа холимог системээр сонгуулиа явуулж байсан юм. 

  • 1992 он: Томсгосон мажоритар буюу 26 тойрог

Нэг тойрогт 2-4 хүн томсгосон 26 тойрогт нэр дэвшин өрсөлдсөн. Сонгуулийн дүнд МАХН 70, “Ардчилсан холбоо” эвсэл дөрөв, МСДН нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал авсан. 

  • 1996 он: Жижигсгэсэн мажоритар буюу 76 тойрог нэг мандат

76 тойрогт нэг мандат бүхий жижигсгэсэн мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж, сонгуулийн дүнд “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авсан. 

  • 2000 он: Жижигсгэсэн мажоритар буюу 76 тойрог нэг мандат

Өмнөх сонгуулийн тогтолцоотой ижил байсан бөгөөд МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл, ИЗНН-Ногоон нам, Эх орон-МАШСН тус бүр нэг суудал, бие даан нэр дэвшигч нэр суудал авч МАХН үнэмлэхүй олонхиор ялсан. 

  • 2004 он: Жижигсгэсэн мажоритар буюу 76 тойрог нэг мандат

Мөн л өмнөх сонгуулийн тогтолцоотой ижил байсан бөгөөд МАХН 37, “Эх орон Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам нэг, бие даагч гурав сонгогдож байв. 

  • 2008 он: Томсгосон мажоритар буюу 26 тойрог

Нийт 26 тойрогт улстөрийн нам эвслүүдээс 356, бие даан 45 хүн нэрээ дэвшүүлсэн. Сонгуулийн дүнд МАХН 45, АН 28, иргэний эвсэл, Иргэний зориг намаас тус бүр нэг, бие даагч нэг сонгогдож байв. 

  • 2012 он: Мажоритар буюу 48+28 

Сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцож, сонгуулийн дүнгээр МАН 26, АН 34, ИЗНН хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, бие даан нэр дэвшигч гурав сонгогджээ. 

  • 2016 он: Мажоритар буюу нэг мандат бүхий жижиг 76 тойрог

Сонгуульд улстөрийн 12 нам, гурван эвсэл оролцож, сонгуулийн дүнгээр МАН 65, АН ес, МАХН нэг, бие даагч нэг тус тус сонгогдсон.