ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн ордонд тусгайгийнхан байна уу, эсвэл “нусгай” нар ажилладаг юм уу

А.ОДСҮРЭН
2019-12-05

Юуны өмнө “нусгай” гэсэн үгийг хашилтад хэрэглэсэн учраас шууд утгаар нь тусгаж авахгүй байхыг эрхэм мөрдэстэй залуусаас хүсье. Учир нь яг энэ асуудлыг долоон жилийн өмнө манай сонин хөндөж бичих үед “нусгай” гэсэн үгэнд нь туйлаас гомдсон тусгайгийн ах нар бичсэн авторыг нь эрэн сурвалжилж, Төрийн ордонд ордог сэтгүүлчдийг маань хэсэгтээ л ээрч, мэдээлэл салгахаар оролдож байсныг нь санаж байна. Тиймээс энэ удаа зориуд хашилтад хэрэглэсэн учраас хэт эмзэглэхгүй гэж найдлаа. Ийм гарчиг өгч, дахин энэ сэдвийг сөхөх болсон шалтгаан нь тун энгийн. Ерөөс сүүлийн үед Төрийн тусгай хамгаалалтын алба, тэр дундаа Төрийн ордны хамгаалалтын албаны ажиллах арга барил, тэнд ажиллаж буй залуусын ур чадвар, харилцааны ёсзүйн асуудлыг хөндөхгүй бол болохгүй нь ээ. “Хүн хэлэхээс нааш цаас чичихээс цааш цоорохгүй” гэдэгчлэн Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн удирдлага, УИХ, Засгийн газрын сайд гээд энэ улсын бүх л хариуцлагатай чухал албан тушаалтнуудыг саарал байшинд “сахиж” байгаа хүмүүс хариуцлагатай, хяналттай, хатуу зарчимтай ажилламаар санагдах болов. Үүнийг ойрын үед өрнөж буй хэд хэдэн асуудалтай холбон тайлбарлаж болно. Тухайлбал, “МАНАН” дэглэмийг нураах ард түмний эсэргүүцлийн жагсаалын үеэр Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн нэг болох УИХ-ын дарга байсан М.Энхболдын өрөөнд шаардлага өгөхөөр орсон нэг иргэн хутга барин дайрсан гэх ноцтой мэдээллийг түүний зөвлөх байсан, хуульч М.Гүнбилэг “Ам нээвэл” ярилцлагад орохдоо өглөө. Мөн манай сонинд илэрхийлсэн байр суурьтай ч энэ мэдээлэл үнэн гэдгийг дахин нотолсон юм. Тухайн үед гадаа асуудал буруу тийш эргэж мэдэхээр нөхцөл байдал үүссэн байсан учраас тухайн үед чимээгүй дараад өнгөрсөн гэдгээ мэдэгджээ. Үүний дараа УИХ-ын дарга асан М.Энхболд ч өөрийн цахим хуудсаар дамжуулан “Над руу дайрсан хүний гарт хутга байгаагүй. 

Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Тэр үед ордны дотор болон гаднах нөхцөл байдлыг мэдэрч байсан учраас асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн” хэмээн тайлбар хийжээ. Тэгэхээр ямар ч байсан шаардлага хүргүүлэхээр орсон иргэдийн нэг нь хүйтэн зэвсэг биедээ авч орсон нь тодорхой болов. Улмаар, авч орсных нь дараа хамгаалалтын алба илрүүлж, хурааж авсан гэж уншлаа. Тэр хүн хэн байсан талаар олон янзын тайлбар өрнөж байгаа бөгөөд “Босоо хөх Монгол”, “ДМНН” нэгдлийнхэн бие, биенээ буруутгаад өнгөрч байх шиг. Хамгийн гол нь тухайн иргэн маш шуурхай хөдөлж, УИХ-ын даргын биед хүрч чадсан бол яах вэ. Хамгаалалт нь дарж унагаагүй бол юу болох байв. Хүйтэн зэвсэг нь хүний аминд хүрсэн бол яах байсан бэ. Тухайн үедээ энэхүү жагсаалыг зохион байгуулсан гэх дөрвөн гишүүн УИХ-ын даргын өрөөнөөс гарч ирсэн даруйдаа арьсаа хамгаалсан мэдэгдэл хийж байсны учиг ингэж тайлагдлаа. Төрийн ордон руу ажлаа хийхээр орж буй сэтгүүлчдийн дугтуйтай бичгийг нь хүртэл задалж үзэж, ууж байгаа цайг нь онгойлгож амсахаас наагуур “муухай” аашилдаг тусгай хамгаалалтын албан хаагчид ямар байдалтай ажлаа хийдэг болохыг ганцхан энэхүү жишээ л хангалттай нотлох биз ээ. Хүний аминд ч хүрч мэдэх хүйтэн зэвсэг биедээ аваад орж байхад мэдэхгүй байгаа атлаа хэдэн сэтгүүлч бүсгүйчүүдийн юбканы богино, өмдний зузаантай хэрүүл хийж байгаагаа ажил хэмээн эндүүрдэг бололтой, тэд. Мөн тусгай хамгаалалттай гэдэг Төрийн ордонд нь эрдэнэт хүний амь эрсэдсэн явдлыг ч энд бичихгүй өнгөрч болохгүй. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдаад хагас жил өнгөрчихсөн байхад энэ хэрэг өнөө болтол илэрсэнгүй.

Талийгаач унаж амиа алдсанаас хойш бараг цаг орчмын дараа цагдаагийн байгууллагад дуудлага очсон гэхээр өнөөх булан тохой бүрт эргэлдэж байдаг тусгай хамгаалалтын залуус хаана юу хийж явсан нь сонирхолтой байгаа биз. Төрийн ордонд улстөрчид нь хуулиа үл тоож архидан согтуурч байхад ажлаа хийдэггүй нь худлаа биш гэдгийг энэ харамсалтай үйл явдал харуулсан билээ. Үүний дараа Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаад хариуцлага тооцсон хэмээсэн ч “дэвшүүлэн зайлуулах” ажиллагаа явсан нь ил болсон. Угтаа хариуцлага тооцох нэрээр ажлаас чөлөөлж, өөр ажилд томилоод л өнгөрч байв. Харин Төрийн ордны хамгаалалтын албаны дарга нь өнөөдөр ч бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хийж, бүсгүйчүүдийн хувцасны хэрүүлтэй л “ажиллаж” байгааг худлаа гэж хэлэхгүй байх аа. Эрдэнэт хүний амь насны асуудал ямар ч үед яригдаж мэдэх учраас Төрийн тусгай хамгаалалтаас яагаад түргэн тусламжийн нэг эмч ажиллуулж болдоггүй юм бэ гэдгийг ч Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин хэрэг явдлын дараа хөндөж байлаа. Яам болгоны үүдэнд, эсвэл Төрийн ордны үүдэнд сууж бичиг баримт шалгаж, хувцасны нимгэн зузаан, юбканы богино, уртыг хэмждэг ажлыг тэтгэврийн өвгөн ч хийчихэж дөнгөнө. Харин тэнд төрийн хувцас өмсөж, тусгай албанд бэлтгэгдэж ирсэн залуус ажиллах ёстой л юм бол энэ мэт асуудалд нүд чихээ ажиллуулж, төрийн төмөр нүүрийг харуулах ёстой. Үүнээс гадна хэдхэн өдрийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатарт Энэтхэг улсаас хаяглаж ирүүлсэн захидлыг задалж байсан туслахынх нь бие муудаж, ухаан алдсан гэх мэдээлэл цацагдав. Энэ мэдээллийг нийгэм даяараа инээд, ханиад, тоглоом болгоод өнгөрсөн ч “бие нь муудсан” гэдэг нь үнэн болохыг албаны эх сурвалж нотолсон билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх З.Төмөртөөмөө “Нарийн мэдээлэл өгч болохгүй ч ийм зүйл болсон байх. Шалгаж байгаа” гэв.

Ухаан алдсан нь захидлаас болсон уу, болоогүй юу гэдгийг хуулийнхан шалгачих байх. Гэлээ гэхдээ хэрвээ тэр захидалд асуудал байсан бол яах юм. Химийн хортой бодис шингээж, түүнийг нь УИХ-ын дарга задалсан бол хэрхэх байв. Энэ өнцгөөс асуудлыг заавал харах ёстой юм. Санаатай ч бай, санамсаргүй ч бай ийм асуудал үүсч байна гэдэг нөгөө л хамгаалалт сул байгааг дахиад л нотлов. УИХ-ын гишүүдэд биш юм гэхэд Төрийн гурван өндөрлөгт нь хаанаас юу ирж байгааг хянаж шалгаж, нягтлах гэж Төрийн ордны нэгдүгээр давхарт бүхэл бүтэн том алба ажиллуулдаг гэж бодоод байгаа. Эсвэл энэ нь хэтэрхий өнгөцхөн дүгнэлт үү. Төрийн ордны үүдэнд байгаа рентген аппаратын хүчин чадлыг ч сайжруулах болсныг энэхүү инээдэмтэй, “эмгэнэлтэй” үйл явдал харуулж өглөө. Мөн парламентын танхим дотор, УИХ-ын гишүүдийн суудаг сандал дээр элдвийн бэлэг, сэлт жирийтэл өрчихдөг болсон байх юм. Хөлбөмбөг, тариан түрүү, чихмэл тоглоом гэх мэтээр арай л бэлгэвч оруулж тавьсангүй. Манай сонин ч үүнийг нь шүүмжилж, “Өөр өнцөг” буландаа бичиж байсан нь саяхан. Хүн, хүндээ юугаа бэлэглэх нь дурын хэрэг байлаа ч муу ч, сайн ч тэр өрөөн дотор Монгол Улсын төрийн бодлого явагдаж байдгийг бас ярихгүй өнгөрч боломгүй. Бэлэг өгмөөр байгаа бол туслах, зөвлөхөд нь өгчих. Тэд гишүүндээ өгөг. Гэтэл хууль тогтоомж баталдаг парламентын танхим дотор жирийтэл өрж байна гэдэг тоохгүй өнгөрч болох асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын хэмжээний нууц асуудал ч яригддаг өрөө шүү дээ. Цахим орчин хөгжсөн энэ цагт чихмэл тоглоом дотор юуг ч нууж оруулж мэднэ гэдгийг тэд л мэдэхгүй байв гэж. Энэ мэтээр эрсдэл болгоныг тооцоолж, Монгол Улсын төрийг “сахих, хамгаалах” үүргээ нэр төртэй биелүүлмээр байх юм аа. Аль нэг сайд, даргын хувийн хамгаалагч байсан хэн нэгэнд бэлэглэдэг албан тушаал ч бас биш юмсан. С.Баяр, Н.Энхбаярын үед Төрийн тусгай хамгаалалтад хамгийн чадварлаг залуус ажилладаг байсныг олон хүн мэднэ дээ.

Бүх талаараа бэлтгэгдсэн байсан гэсэн үг. Хүн байх, хүнтэй хэрхэн харьцах, хамгаалалтын албаны нэр хүндийг өндөрт өргөж байсныг өнөөдөр ч олон хүн ярьдаг. Гэсэн ч эдгээр залуус бүгд илүү сайн нөхцөл, илүү боломжийг амласан нөгөө улстөрчийгөө дагаад явчихсан. Бүгд л төрийн тусгайгийн ажлаасаа гарч, хувийн хамгаалагчийнх нь ажлыг хийсэн нь худлаа биш. Харин залгамж халаа нь өдгөө Төрийн ордонд ажиллаж байгаа ч дөнгөж сургуулиа төгссөн, мөрдэс зүүснийгээ бусдыг дарамтлах гэж ойлгочихсон хэдэн “онгироо” залуусаар л дүүрчихээд байна. Тэнд ажлаа сайн гүйцэтгэдэг мундаг хүмүүс олон бий. Гэвч тэдний нэр төр, ажилдаа үнэнч байдлыг дийлэнх олонх нь дараад байгаа учраас л шүүмжлэхгүй өнгөрч чадахгүй байгаа юм. Эцэст нь хэлэхэд, улс орны бодлогыг зангидаж, хууль боловсруулж, баталж, ард түмэн нэг бүрийн төлөө шийдвэр гаргадаг Төрийн ордонд нэвтэрч буй хэнбугай ч гутлаа тайлаад ч шалгуулахад бэлэн байна. Тавьсан шаардлага бүрийг нь биелүүлэх гэж хичээх нь мэдээж. Гэтэл ингэх тусам улам бүр пээдийж, ажлаа хийж яваа сэтгүүлчийг хянаж цагдаж, хөөж тууж, хувцасны хэрүүл хийж буйгаа ажил хэмээн эндүүрч байгаа бол “нусгай” л гэж нэрлэнэ, уучлаарай. Энэ ажлыг чинь тэтгэврийн өвөө, миний буурал аав ч хийчихэж чадна, залуус аа. Тиймээс төрийн далбааны өмнө өргөсөн тангаргаа биелүүлж ажлаа нэр төртэй хий. Аюулгүй байдлыг нь хангасан шиг ханга. Төрийн ордон дотор “нүцгэн” шахуу давхиж яваа туслах, зөвлөх бүсгүйчүүдээ ч цэгцэнд нь оруул. Мөн хүнтэй харилцаж буй харилцаандаа нэн тэргүүнд “update” хий. Саарал ордны босгоор давж буй аюул бүхнийг тооцож, дөрвөн давхар барилгын булан тохой бүхэнд хүрч ажилла гэж зөвлөе. УИХ-ын гишүүдийг ч хуулийг нь дагаж мөрдүүл. Булан тохой бүрт зөрчигдөж буй Төрийн ордны дүрэм журмаа мөрдүүлэх нь та нарын ажил болохоос юбканы см-ийг хэмжих хүртлээ доошоо орж болохгүй л дээ.