ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дипломат Б.Баттүшиг өөрийгөө тагнуулын ажил гүйцэтгэж байсан гэж мэдүүлжээ  

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-05

Энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан, Тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Дрезден хотноо 70 кг геройн төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан билээ.

Улмаар энэ хоёр этгээдэд холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сарын 12-ны өдөр Дрезден хотын прокуророос шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл дипломат ажилтан Б.Баттүшиг Засгийн газрын даалгавраар тусгай даалгавар буюу тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан хэмээн хэргээ хүлээхээс татгалзсан тухай мэдээлэл өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Германы https://www.bild.de/ сайтад гарчээ.

Уг мэдээлэлд “2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр дипломат ажилтан тээшиндээ 70 кг геройнтой явж байсныг Гааль, холбооны цагдаа нар зогсоож шалгасан. Энэ бол маш их хар тамхи илрүүлсэн хэрэг байв. Гэтэл өнгөрөгч даваа гарагаас эхлэн хоёр хүн Дрезден хотын шүүхийн өмнө жагсаж байна. Дипломат Б.Баттүшиг нь Холливудын киноны түүх зохиож, өмгөөлөгчөөр өөрийгөө өмгөөлүүлж байна. “Би тагнуулын нууц ажилтан байна. Би нууцаар ажиллаж байсан” гэж мэдэгдлээ.

Хуульч, доктор, профессор Клаус Бернсман “Ноён Б.Баттүшиг бол Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан, тагнуулын өндөр албан тушаалтан. Тэрбээр, Истанбул хотноо дэд консулаар ажиллаж байхдаа нууц ажил явуулж, уг ажлыг шалгах шаардлагатай болсон. Тиймээс гэмт хэрэгтнүүдийн хамт Монголын дипломат ажилтнууд хар тамхи, хуурамч брэндийн бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх талаар мэдээлэл цуглуулсан” гэжээ. Тагнуулын ажилтныг шуудан зөөгчөөр санал болгохдоо түүнийг ямар бараа хууль бусаар хил нэвтрүүлдгийг ч мэдээгүй бололтой гэсэн байна. Угтаа Германы эрх баригчид Монголын далд ажиллагаагүй талаар юу ч мэдээгүй бололтой хэмээн ёжилсон, даапаалсан өнгө аястай мэдээлэл оруулжээ.

Монгол Улсын дипломат албаны нэр хүндийг дэлхий дахинд шившиг болгосон дээрх хоёр албан тушаалтныг өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэд гурван сая орчим евро буюу 10 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний 500 граммаар жижиглэн боосон, нийт 70 кг геройн гэх мансууруулах бодис тээвэрлэж байсан нь ил болсон.