ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сарангэрэл: Нийслэлийн алслагдсан хороололд зургаан жишиг эмнэлгийг барина

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-06

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Азийн хөгжлийн банкны зээлийн асуудал  158 сая ам.долларын төсөл юм байна. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах гэж хуульд тусгачихаад эмнэлгийн хэдэн барилга барих, өргөтгөх  ажил хийх гээд байх юм. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах ёстой. Эмзэг бүлгийг иргэд эрүүл мэндээр хохирч байна. Хоол тэжээлийн дутагдал боловсролын хэрэгцээ шаардлага урган гарч байна шүү дээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Азийн хөгжлийн банкны зээл эрүүл мэндийн боловсролын салбарт дэмжлэг болдог. Хөнгөлөлтэй болон буцалтгүй тусламжийн зээлээр олгодог байгаа. Эмзэг бүлгийн иргэд хаана байна вэ гэхээр захын хороолол, хөдөө, орон нутагт бий. Монгол улсын хүртээмжийн байдал 60 гаруй хувьтай гэсэн олон улсын судалгаа байгаа. Энэ удаагийн хөтөлбөр маш чухал хөтөлбөр нийслэлийн алслагдсан хороололд зургаан жишиг эмнэлэг байгуулагдах юм. Иргэдийг дүүргийн эмнэлэг рүү явуулахгүйгээр томоохон тоног төхөөрөмжийг дундаа ашигладаг үйлчилгээ. 10 аймгийн сумын эрүүл мэндийн төвийг байгуулна. Зөвхөн байшин барилга, тоног төхөөрөмж биш юм. Түүнээс гадна зургаан төсөлд яаралтай тусламжийг олон улсын түвшинд хөгжүүлэхийн тулд 103 дуудлагын төвийг шинэчлэх гэж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Эрүүл мэндийн салбарт их зүйл хийсэн. Гэхдээ бүрэн гүйцэт  болж чадахгүй байна.  Бид үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлахад нийгмийн салбарт гадаадын зээл авахгүй гэж ярьсаныг эргэн харах  шаардлагатай. Нийгмийн салбар улс орны асуудал юм. Баянгол дүүргийн  23 дугаар  хороонд сургууль,  цэцэрлэг өрхийн эмнэлэг байхгүй. Зам харгуй төвөгтэй. Очоод үзвэл ойлгоно. Энэ асуудлыг төсөл хэрэгжээд өөрчилж чадах уу эсвэл  улсын төсвөөр шийднэ гэж бодож байна уу гэж Н.Төмөрбаатар даргаас асууж байна. 

Ажлын хэсэг Н.Төмөрбаатар:

-Монгол улсын хувьд Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийг он гараад хүлээж авна. Манайд одоогоор долоогоос доош үйлчилгээг цогцоор нь хийж байгаа эмнэлэг байхгүй. Хуучин эмнэлгүүдийг өргөтгөөд явахаар маш олон зүйл саад болж байна.  Эмзэг бүлгийн иргэд нэг эмнэлэгт бүх  шинжилгээ өгч чадахгүй учраас цаг хугацаа зардаг. Энэ төслөөр нэгдсэн эмнэлүүд аль  нийгмийн хүмүүс ороход даатгалаар санхүүжүүлээд төлбөргүй үйлчилнэ. Бүх төрлийн оношилгоо хийнэ. Өөр эмнэлэг рүү явахгүй нэг эмнэлэгт үйлчилгээ авна.