ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: Түүх үнэнээрээ үлдэж, түүхэн үйл явдлын үнэ цэн бодитойгоор үнэлэгдэх ёстой юм

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-08

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Морин цагт Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр баярын хурал эхлэв. Хурлыг нээж  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм.   Тэрбээр “Он жилүүд холдон одоход түүхийн ховор нандин агшнууд хүний ой ухаанаас бүдгэрч балардаг жамтай. Харин түүх үнэнээрээ үлдэж, түүхэн үйл явдлын үнэ цэн бодитойгоор үнэлэгдэх ёстой. Өнөөдрийн эрх чөлөөт амьдралыг бид тэмцэж олсон.

Энэхүү тэмцэл 1989 оны Цагаан морин жилийн тэсгим өвлийн хүйтнээр “Хонхны дуу”-г эгшиглүүлэн хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө жагссан залуусын дуу хоолойгоор эхэлж, ардчиллын үзэл санаа орон даяар түгэн дэлгэрсэн билээ. Түүхэнд анхны гэсэн олон ололт, бас анхны гэх тодотголтой алдаанууд ч ардчилсан намын нэр дээр бичигдэж ардчиллын төлөөх амаргүй тэмцэл, бэрхшээл, сорилт үйл хэргийг ард түмэнтэйгээ намын жирийн гишүүд дэмжигчидтэйгээ хамт нуруун дээрээ үүрч ирсэн. 

Түүхийн энэ хүнд давааг хамтдаа туулсан, гишүүд дэмжигчид та бүхэндээ 30 жилийн ойн баярын халуун мэндийг дахин дэвшүүлье” гэв. Үүний “Хонхны дуу”-г Монголын хүүхдийн ордны найрал дуучид дуулав. Баярын хурал шагнал гардуулах ёслолоор үргэлжиллээ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одон болон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Ардчилсан намын ахмад зүтгэлтэн, гишүүд дэмжигчдийг шагналаа.

Төрийн дээд “Алтан гадас” одонгоор Говь-Алтай  аймгийн Ардчилсан намын гишүүн Б.Даваасүрэн, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын гишүүн Н.Баярсайхан, Дорноговь аймгийн Ардчилсан намын гишүүн Б.Эрдэнэжаргал, Завхан аймгийн Ардчилсан намын гишүүн Ж.Цэрэндулам, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүн Т.Батбаяр, Сэлэнгэ  аймгийн Ардчилсан намын гишүүн Т.Лхагважав, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Ардчилсан намын гишүүн Л.Мягмарсүрэн, Увс аймгийн Давст сумын Ардчилсан намын гишүүн З.Балжинням, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүн Д.Бат-Очир, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүн Ч.Цэцэгмаа,  Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүн  Л.Ганболд нар тус тус шагнав.

Харин "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Говь-Алтай  аймгийн Ардчилсан намын гишүүн Ш.Галсандорж, Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүн  Ж.Цэцэгмаа, Завхан аймгийн Ардчилсан намын гишүүн Ш,Цэндсүрэн, Архангай аймгийн  Хашаат  сумын Ардчилсан намын гишүүн Ш.Даваасүрэн, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүн Ш.Батчимэг, Д. Түмэндаваа, Орхон аймгийн Ардчилсан намын гишүүн Ц.Мягмар нарыг тус тус шагналаа.

Ардчиллын 30 жилийн ой нь өнгөрсөн хугацааны ололт амжилт, түүхэн замналыг Монгол Улсынхаа хойч ирээдүй болсон залуучуудад мэдүүлэх ажлууд зохион байгуулж буйгаараа онцлог. Үүний нэг том ажил нь  "Ардчиллын замнал-алдаа, оноо-сургамж-сорилт" таван боть номыг хэвлэн гаргасан явдал юм. Энэхүү таван боть номын эхний боть нь Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны гэгээн дурсгалд зориулсан бол бусад дөрвөн номын тухайд ардчилалд хувь нэмрээ оруулсан үе үеийн алдартай хүмүүсийн хэлсэн үг, яриа, дурсамжууд, түүхэн баримтуудаас бүрджээ.

Мөн залуучуудын бүсийн чуулганыг зохион байгуулсан. Энэ өдрийн баярын хүндэтгэлийн хуралд ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан ахмад гишүүд, Монголын ардчилсан намыг үүсгэн байгуулж байсан анхдагчид болон Ардчилсан намын удирдлагууд, үе үеийн гишүүд дэмжигчид хүрэлцэн иржээ. 21 аймаг есөн дүүргээс төлөөлж 595 хүн энэ өдрийн баярт хүрэлцэн ирсэн байна. Мөн 22 улсын Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид ирсэн аж. Баярын хурлын дараа Ардчилсан намын удирдлага, гишүүд дэмжигчид Их эзэн богд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ өдрүүдэд Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн дунд зохион явуулсан "Урлагийн их наадам"-ын шигшээд шалгарсан 21 аймгийн ардчилсан намын гишүүд дэмжигчдээс бүрдсэн урлагийн тоглолт СТӨ-нд болсон бол Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхийг арван жилээр нь гурван хэсэгт хувааж хийсэн түүхэн баримтат киног танилцуулсан юм.