-2020 онд МАН, АН-ыг хүмүүжүүлэх цаг-
УИХ-ын гишүүн Л.Болдтой үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-аас 50:26 гэсэн сонгуулийн хувилбарыг намуудад санал болгож байна. Та үүнийг дэмжиж байгаа юу. Энэ хэр зохистой хувилбар вэ?
-Монголчууд 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр таван хүний алтан амь эрсэдсэн. Тухайн үед гавьяат хуульч Б.Чимид гуай бид хэд гадна дотны олон хууль болон тогтолцоо, туршлагыг судалсан. Тэр үед боловсруулж, батлуулсан хуулийн төсөл өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөд, шинэчлэгдээд явж байгаа. Б.Чимид гуайн хууль алсыг харсан, Монголдоо тохирсон хуулийн төсөл байсан юм. Энэ үеэр нэг зүйлээс УИХ татгалзсан. Энэ нь сонгуулийн тогтолцоо байсан. Бид бүсчилсэн тогтолцоог нэвтрүүлье гэж тухайн үед хуулийн төсөлд оруулсан. Монгол Улс бүсчлэлээр хөгжиж байж улс орон хөгжих юм. Бүх гишүүдээ төвлөрүүлэхгүй, 76 Ерөнхийлөгч болчихоор хөгжих юм байхгүй. Зөвхөн амин хувиа бодно. 76 жижиг тойрог гэхээр гишүүд бүр сумын соёлын төв, сургууль, эмнэлэг хөөцөлддөг байдлаас салахгүй. Үүнээс болоод улс орон чинь сүйрлээ шүү дээ. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч хийж, бүтээсэн зүйл алга.
-Хөгжил гээд ярихаар тогтолцоо болон хууль руу буруугаа тохчихдог. Алдаагаа алсаас хайгаад байгаа нь зөв үзэгдэл мөн үү?
-Хөрөнгө оруулалтаар бүсийн хөгжлийн төвүүд бий болгоод, улс орныг хөгжүүлэх бүрэн боломжтой. Өнөөдөр ганц Улаанбаатар руу төвлөрөөд байгаагийн шалтгаан ердөө энэ. Орон нутагт ажилгүйдэл, ядуурал их байгаа учраас зах зээлээ бараадаж, шилжиж ирээд байна. Амь зуухын тулд эх газраа бараадаж байна. Ингэж байж дэлхийн олон орон сүйрсэн түүхтэй. Ерөөс өөдлөхгүй байна. Бүсчилсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, 80 сая хүнтэй Германд том хот гэж байхгүй. Берлин хоёр хуваагдсанаас болоод том хот болсон түүхтэй. Улаанбаатар шиг хот байхгүй. Хөгжлийн гол зүйл нь бүсчлэлтэй холбоотой. Одоо хоёр янзын хувилбараар хоёр өөр төлөөллийн гишүүдийг бий болгож байна. Дотоод ялгаа үүсэж байгаа. Энэ бол маш буруу зүйл. Би үүнтэй санал нийлэхгүй.
-Бүсчилсэн хувилбарыг дэмжихгүй бол та МАН-аас гаргасан сонгуулийн хуультай эвлэрэх юм уу?
-Жижиг тойргоос зуун хувь татгалзаж чадахгүй юм байна. 76 жижиг тойргоос сонгогдсон гишүүд Төрийн ордондоо хөндлөн суучихсан нь нэгэнт тодорхой. Бодит байдал нь энэ юм. Минийхээр боломжтой бол 76 гишүүнийг томсгосон буюу бүсчилсэн тойрогт хуваарилах хэрэгтэй. Ядаж 26 хүнийг нь бүсчлэх хэрэгтэй. Бүсчилсэн хувилбар зөв байвал 2024 оны сонгуулийг нийтэд нь энэ хэлбэрээр явуулах ёстой. Гишүүд тойрогтоо, сонгогчдодоо, тайлангаа тавьдаг, эргэх холбоотой ажилладаг байх ёстой юм. Цаашилбал, эргүүлэн татдаг асуудлыг хүртэл хөндөнө.
-26-г олон жил сонгогдсон ахмад гишүүддээ бэлэг барихаар энэ хувилбарыг дэвшүүлсэн гэх юм. Тухайлбал, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, М.Энхболд, С.Батболд, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Энх-Амгалан зэрэг ахмад гишүүддээ баяртай гэж хэлж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Зарим зүйл дээр тэгж харагдана. Мөн тухайн намыг авч явж байгаа нэр хүндтэй хүнийг дэвшүүлнэ. Түүний нэрийн дор хэзээ ч сонгогдох гавьяагүй хүмүүс зүүгдэж орж ирэх магадлалтай. Магадгүй их мөнгө хандивласан нэгэнд тохируулсан хувилбар байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь аль ч хувилбар нь шударга биш.
-Намдаа мөнгө их хандивладаг бизнесийнхэн, Монголын төрөөс авлагатай юм шиг авирладаг архаг гишүүдээс салах хувилбар байна уу?
-МАН-аас дэвшүүлсэн 26-д хэн ч орж ирж болох магадлалтай хувилбарыг дэвшүүлж байна. Тогтолцоогоо өөрчлөхөөс нааш салах тухай ойлголт байхгүй.
-2020 онд олон нийтийн зүгээс өөрчлөлт болон шударга тогтолцоог хүсэж байгаа ч санаснаар болохгүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Та бүсчилсэн хувилбараа санал болгосон уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд баталчихлаа. Тиймээс дараагийн хувилбар нь бүсчилсэн тойрог руу орох хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, улс бол таван бүсийн тойрог. Улаанбаатар гурван бүсийн тойрог байх жишээтэй. Гурав гурван аймгаар нь бүсчлэх бүрэн боломжтой. Аймгийг томсгосон мажоритараар хийж үзсэн шүү дээ. Нэг аймагт нутгийн гурван хүн хоорондоо өрсөлдсөнөөс болоод бие биенээсээ айдаг болчихсон. Томсгох юм бол нэг аймгийн гурван хүн хоорондоо өрсөлдөх зав байхгүй. Жижиглэсэн хувилбар шиг хоорондоо мөргөлдөөд жалга довны улс төр хийгээд явах шаардлагагүй болно. Тухайн бүс нутагтаа нэр хүндтэй хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн сонгогдох юм. Одоо бол хэн ч мэдэхгүй хүнийг иргэд сургаар сонгож байна шүү дээ.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд мажоритар гэж заасан. Бүсчилсэн хувилбарыг санал болгохоор хуультайгаа нийцэх үү?
-Нам биш хүн сонгож байгаа юм чинь нийцнэ.
-Сүүлийн үед нам биш хүнд нь итгэл үзүүлэх асуудлыг их ярьж байна. Манайд хүн ч, нам ч ялгаагүй юу ч хийж, бүтээхгүй байна шүү дээ?
-Хэзээ ч биелшгүй асуудал. Хэрэгжих бололцоогүй. Монголчууд намаас татгалзаж чадахгүй.
2020 оны сонгуульд хэчнээн нам өрсөлдөх боломжтой вэ. Хуульд олон нам өрсөлдөх боломжийг нь нээж өгсөн үү. Хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг юу гэж харж байгаа вэ?
-Сонгууль дөхөхөөр хуулиа өөрчлөөд байгаа нь бусад намд бололцоо олгохгүй гэсний нэг хэлбэр шүү дээ. Монголын улс төрийн ёс зүйгүй тогтолцоо үргэлжлээд байна гэсэн үг. Бүгдээрээ нэг гараанаас байх ёстой. Сонгуулийн хууль өөрчлөгддөггүй тодорхой, ойлгомжтой байх ёстой юм. Үүнийг хангахгүй байна. Манай улс төрийн тогтолцооны нэг гажиг энэ шүү дээ.
-Сонгуулийн хуулийг байн, байн өөрчлөөд байгаагийн шалтгаан юу вэ?
-Аль ч нам гэлтгүй байнга өөрчилдөг. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг нэг жилээр хязгаарласан. Тэгэхээр дараагийн сонгуулийн тоглоомын дүрэм болчихлоо гэсэн үг.
-2020 онд хэр сонгууль болох бол. Та юу гэж харж байна?
-Миний хувьд сонгууль болж чадах нь уу үгүй юу гэдэгт эргэлзэж байна. 2016 онд сонгууль болоогүй. Монголын улс төрийг дээрэмдсэн шүү дээ. Ард түмний санаа бодлыг огт тоогоогүй. Дуртай хүнээ дэвшүүлсэн. Тэгсэн ч бид олонхийн дундаас нам харгалзахгүй шударга зүйлийн төлөө дуу хоолойгоо өргөж нэгдсэн. Энэ бол анхны тохиолдол байсан. Үүний үр дүнд Үндсэн хуулийг өөрчилж чадлаа. Одоо сонгуулийг ямар ч байсан өмнөхөөс нь илүү сайжруулах талаар алхам хийх талаар анхаарч ажиллана.
-Таны хувьд 2020 онд сонгогдох магадлал хэр байна вэ. Олон нийтэд өгсөн амлалтаа хэрэгжүүлсэн үү?
-1990 оноос би тав дахь удаагаа сонгогдлоо. Миний хувьд нэр дэвшихгүй байж ч болно. Гол нь тогтолцоо нь зөв яваасай. Эх орондоо итгэлтэй амьдармаар байна. Хулгайч дээрэмчид сонгогдчихоод дуртай хүнээ хүссэнээр яллаж байна шүү дээ. Хэн ч биш болгож байна. Дээрэмчдийн нийгэмд амьдарч чадахгүй. Ийм болохоор би улстөрд орсон. Түүнээс надад улстөрд орох шаардлага байхгүй байсан. Миний хувьд баялгийг ард түмэнд өгчих юмсан гэдэг үүднээс 2008 онд улстөрд дахин орсон. Монголын төрд жирийн хүн оршин тогтнох бүх нөхцлийг хааж байна. Бүгд мафийн тогтолцоо руу орж байна. Надад улсаас өмч хувьчлалаар авсан эд хөрөнгө, тендер байхгүй. Улс төрийн бүлэглэл үүсгэж явсангүй. Хэрвээ байсан бол намайг аль хэдийнэ дүүжилсэн байгаа. Одоогоос арав гаруй жилийн өмнөх хойд Солонгос руу мотор зарах гэсэн нэг үлгэртэй. Өөр зүйл байхгүй. Төрд зүтгэхдээ сайд дарга бүгдийг нь хийж үзлээ. Хийсэн нүгэл байвал одоо алуулж байгаа даа. Эдний хийж байгаа зүйл нь үнэхээр аймшигтай.
-МАН, АН-аас салж чадах уу, ирэх онд?
-Салах боломжтой. Одоо салахгүйгээр сонголтгүй сонгуулийн хуулиа хэлэлцээд шийдвэрлэж байна. Ард түмэнд бодитой сонголт хийх бололцоог олгохгүй байна.
-Та тэгж их шударга байхыг хүссэн хэрнээ яагаад Ж.Батзандан гишүүнтэй нийлсэн юм бэ?
-Миний санаа бодол, үйл хэрэг Ардчилсан нам дээр ирээд гацчихдаг. 1990 оны Ардчилсан нам биш болчихоод байна. Тиймээс намайг хөөсөн. Яагаад гэвэл зам салсан учраас хөөсөн байж таарна шүү дээ. Бүтсэн, бүтээгүй өөрийнхөө хэр хэмжээнд тэмцлээ үргэлжлүүлнэ, гишүүний хувьд. Харин цаашид гишүүн байх эсэх талаар шийдвэрээ гаргаагүй.
-Та хариулсангүй. Таныг олон нийт мэргэжлийн дипломатч гэж хүлээж авдаг. Харин Ж.Батзандан гишүүнтэй нийлээд “поп”-роод явааг чинь олон нийт ойлгохгүй байна. Улс төрд бүрдүүлсэн имижийнхээ эсрэг яваад байгаа юм шиг харагддаг?
-Яахав дээ. Би Ж.Батзандантай биш ард түмэнтэйгээ нийлсэн. Түүнээс би бусадтай нь нийлээд багагүй зүйл хусаж болно. Ийм бололцоо зөндөө бий. Дор хаяж ах, дүү хамаатан саднаа хүртэл өөд татаж болох юм. Элдэв янзын тендер, концесс, “Эрдэнэт” үйлдвэр гэх зэргээр хүртэж болох бүхнээс нь хувь авч болно. Харин би үүний эсрэг явна. Хүн бүрийн талаар янз янзын зүйл ярьдаг. Гэхдээ цаад агуулгыг нь бодох хэрэгтэй. Попордог л гэнэ. Юуг попрох гэдэг юм бэ.
-Чин үнэнийг хэлэхэд, та бүхний тэмцэл заримдаа газар авахгүй байх шиг санагддаг?
-Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд хоёр удаа жагсаал цуглаан хийлээ. 100 хоног суулт хийлээ. Өлсгөлөн зарлах гээд гэдэс дотроо цэвэрлээд бэлтгэлээ хангаж байсан. Үүнээс илүү яаж сөрж зогсох юм бэ. Надад бол өөр арга алга. Тиймээс 2020 онд улстөрийн том намуудыг сонгож болохгүй. Том намууд алга болохгүй. Харин цэвэршээд, хариуцлагажаад, засраад ороод ирэхээр нь итгэл хүлээлгэх ёстой. 2020 онд МАН, АН-ыг хүмүүжүүлэх цаг.
-Хүмүүжих үү?
-Хоёулаа парламентын гадна үлдвэл хүссэн хүсээгүй хүмүүжнэ. Шударга нэгэнд үйлчилдэг болно. Харин одоо л өөрчилж чадахгүй бол нөгөө чөтгөрийн тойргоор явбал Монгол Улс хөгжинө гэхэд хэцүү болно. Хэзээ ч гарч чадахгүй намагтаа живнэ. Одоогоор арай живчихгүй толгой нь намагт цухуйж байна.
-Сонгуулийн хуульд шинэ залуу хүмүүст өөрийгөө олон нийтэд таниулах сурталчилгааны хугацааг нэмсэн үү?
-Байхгүй. Өөрийгөө олон нийтэд таниулах 14-21 хоног бий.
-Олон сонгогдсон хүнд өөрийгөө таниулах, сурталчлах шаардлага байхгүй. Яагаад залуучуудын эрхийг хэт хаагаад, боогоод байгаа юм бол?
-Хоногийг сунгах талаар санал гарсан юм билээ. Хэт их сунгахаар эсрэгээрээ мөнгөний сонгууль болдог талтай. Дунджаар 30 хоног байхад болно. Гол нь сонгуулийн тогтолцооноос хамаарна. Жижиг тойргоор явбал хэд хоног хэрэггүй болчихоод байна.
-Нэр дэвшигчдэд ямар шалгуур тавих ёстой юм бэ?
-Ядаж эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлж болохгүй. Ийм хүнд бусад иргэний эрх нь нээлттэй. Гэхдээ сонгуульд хязгаарладаг байх ёстой. Намуудын шалгуур хүнсний дэлгүүр шиг байна.