ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч мэдээлэл хийхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-13

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Уг нь хаалттай мэдээллийг өчигдөр хийх байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хуулиас гадна Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэх асуудал оройтсон учраас хойшлуулахаар болсон билээ.

Тэгвэл өнөөдрийн хувьд УИХ-ын чуулганыг нээгээд үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо хуралдах аж. Байнгын хорооны дараа нь чуулган үргэлжилж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ. Үдээс хойш өвөлжилтийн бэлтгэлийн талаарх УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариуг сонсоно.

Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй бөгөөд ажлын хэсэг ажиллаж байгаа, ирэх долоо хоногт Байнгын хороо, чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслүүд Байнгын хороогоор ороогүй, ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ гэлээ.