ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ахмадын, залуучуудын, АН-ын, МАН-ын шинэ жилҮҮд

А.ОДСҮРЭН
2019-12-16

Шинэ он, шинэ жил утга учиртай тэмдэглэвэл хамгийн гэгээлэг, хамгийн сайхан баяр. Гэр бүлийн хүрээнд бие биедээ бэлэг өгч, урмын үгээр нэгнээ мялааж, нялхаст шинэ жилийн бэлэг өгч тэмдэглэхэд л болох баяр. Христийн шашинтай улс гүрнүүд билэгдлээ бодож янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах нь бидэнд төдийлөн хамаатай бус. Сумын маань шинэ жилийн хөтөлбөр гарчээ. Өчигдрөөс эхлээд 31-нийг дуустал нийтдээ 17 шинэ жилийн арга хэм­жээ­тэй гэнэ. 

Сургуулийн хүүхдүүдийн шинэ жилээс эхлээд сумын ах­мадуудын, залуу­чуу­дын, эмэгтэй­чүү­дийн, багийн, малч­дын, тариа­ланч­дын, уяачдын, Ардын намынхны, Ардчилсан намынх­ны, төрийн албан хаагчдын, хувийн хэвш­лийнх­ний, иргэдийн нэгдсэн шинэ жил тэмдэглэнэ гэнэ. Ганцхан манайхан ийм юм уу гэсэн үгүй юм аа. Бүх сум, аймаг ингэж шинэ жилддэг болоод удаж байгаа гэнэ. Багаараа, сумаараа, аймгаараа, хөгшин залуу, ажилтай ажилгүйгээрээ, төгсөлтөөрөө, гэр бүлээрээ, найзуудаараа гээд бүх шинэ жилд орвол нэг хүн нэлээд хэдэн шинэ жилд орох нь. Сумын Засаг дарга бол мэдээж бүх шинэ жилд орно. Улсын ажил, ар гэрийн ажил “будаа”. Үр дүн нь юу вэ. Шилдэгт шагнал гардуулах, патиар татуулах. Нэг шинэ жилийн төсөв дор хаяж нэг сая төгрөг гээд бодоход чамгүй их зардал байгууллагын төсвөөс, шинэ жилд оролцогчийн халааснаас гарна. Дээр нь гоёлын зардал орно. 

Хавтгайрсан энэ шинэ жилийн баяруудыг хатуу журамлахгүй бол шинэ жилийн баяр утгаа алдлаа.  Монголд байх ёстой, хэрэг­жүүлэх ёстой хуулиуд дутаг­даад байна. Тэрнээс биш бурхан багшийн төрсөн өдрөөр амрах, Чингисийн төрсөн өдрийг тэмдэглэх, эрлийз монгол морийг ялгах гэхчлэн тэнэг хуулиуд хэрэггүй. Хөгжлөөрөө төг­сөр­чихөөгүй байна. Эдийн засаг сайнгүй байна. Шинэ жил, христийн баяраа ялгахгүй­гээр шинэ жилийг хавт­гай­руул­мааргүй бай­на. Хууль тог­тоох дээд бай­гууллагынхан нь чаддаггүй юм бол Ерөнхий сайд нь, Хотын дарга нь энэ замбараагүй архидалтыг цэгцлэх, журамлах тушаал шийдвэр тогтоолоо гаргамаар байна.  Архигүй шинэ жил, архигүй баяр гэдэг уриалга дэндүү жулдана.  Хууль журмаараа цэгцэлж чадахгүй юм бол тогтоол шийдвэрээрээ журамламаар байна. 

“Үүлтэй тэнгэрээс доогуур үзүүртэй модноос дээгүүр цалин мөнгөн тэнгэртээ цацаг чимгээ наадуулсаар” ирдэг монгол лоовуузтай, монгол гуталтай өвлийн өвгөн бол өнгөрсөн жарнаас бидэнд танил дасал болсон, монголжсон орос баярын нэг бол яах аргагүй шинэ жилийн баяр. Зул сарын баяр, шинэ жилийн баяртай андуурагдан Өвлийн өвгөн, Санта клаус хоёр шинэ жилийн баярт уригдан, том жижиг гэлтгүй хүмүүст бэ­лэг тараан бүжиглэж, дуулж, жүжиглэж эхэллээ. Хүүхэд­тэй, хүүхэдгүй ха­маа­гүй гэртээ сүлд мод засч, орсон гарсан хүний нүүрийг улалзуулж, халаасыг тэмт­рүүлдэг бүдүүлэг зан зөвхөн монголчуудад л байна. Байгууллагын шилдэг болсон нэрээр хамт олон найз нөхдөөрөө нийлж дарвидаг, архиддаг, шоуддаг. Эцэстээ өргөмжлөл ч үгүй,  сормуус ч үгүй харьдаг нь цөөнгүй.  Айлаар орж бэлэг тараасан өвлийн өвгөн, санта клаус оройхон тийшээ хөлөмцүүхэн гуйвж, цасан охинтойгоо шоудах тийшээ хандана. Бизнесмэнүүдийн шинэ жилд орж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн залуу гудамжинд осгосон, байгууллагын шилдэг болсон эмэгтэй гэртээ харих замдаа осгож нас барсан гээд шинэ жилийн баярын балаг цөөнгүй. Арванхоёрдугаар сарыг аюул дагуулсан сар гэж цагдаагийнхан зүгээр ч нэг хэлдэггүй. Арванхоёрдугаар сар гарлаа, байгууллагуудын шинэ жилийн баяр эхэллээ. Архи, согтууруулах ундаа хэт­рүүлэн хэрэглэснээс осгож амиа алдах, дээрэмдүүлэх зэрэг хэргүүд нэмэгддэг болохоор тэр. 

Жаазтай өргөмжлөл, ши­лэн цомоор нэгнээ хуурч, оргилуун дарс, ананастай тахиа­гаар хооллож, анонсны өмнө зургаа татуулахын тулд ямар их мөнгө зардал урсаж байна вэ. Амьдрал хэцүү байна, иргэд ядуу байна, сарын цалин хаанаа ч хүрэхгүй байна, татвар даатгалын шимтгэлд цөхөрч байна гэдэг худлаа гэсэн үг үү. Нэг хүн нэг шинэ жилд орохын тулд хамгийн багадаа нэг зуу, хоёр зуун мянган төгрөг зарцуулна.  

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, шинэ жилийн баярын арга хэмжээг хавтгайруулан тэмдэглэдэг байдлыг цэгцлэх цаг болсон байна.