ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

10 хувийн татварыг тав байхаар хуульд тусгажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-16

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Тэрбээр 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль мөрдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа ч татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай үзсэн байна.

Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэй төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ. Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсон гэж хуулийн төсөл санаачлагч үзэж байна.Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг таван  хувь болгон бууруулахаар тусгажээ.

Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.