ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Цэрэнбат: АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү аргаль агнах зөвшөөрлөө хуулийн хүрээнд авсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-18

Засгийн газраас 2019 онд уул уурхайн салбарт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг шалгах ажлын хэсэг байгуулсан билээ. Тэгвэл энэхүү ажлын хэсгийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хянан шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг баталжээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр, “Уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа техник, хэрэгслийн улсын бүртгэл явуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 2020 оны эхний улиралд шинэчлэн бүртгэж дуусна. Ингэснээр хууль бус үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа бүх техникийг бүртгэлтэй болгоно. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн техник хэрэгслийг улсын орлого болгох асуудал ч яригдах байх.

Мөн бичил уул уурхайтай холбоотой 151 дүгээр тогтоолыг шинэчлэн өөрчлөхийг холбогдох сайдуудад үүрэг болгосон. Энэ хэрэгжээд эхэлвэл бичил уурхай нэрийн дор хууль бус уул, уурхайн үйл ажиллагаа явуулдаг, хариуцлагаас зугтдаг асуудлыг арилна гэж үзэж байгаа. Мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үнэлэх, дүгнэх журам шинэчлэгдсэнээр шалгуур өндөрслөө. Шалгуурыг хангасан хариуцлагатай уул уурхай эрхлэгчийн ажлыг цаашаа явуулна. Чадахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүд тасралтгүй 6-7 сар ажиллалаа. Засгийн газар хоёр удаа хуралдлаа. Лицензүүдийг шалгаж байна” гэв. Сэтгүүлчдийн асуусан асуултад дараах хариултыг өглөө.

-Хариуцлага алдсан, нөхөн сэргээлт хийгдээгүй газрууд хэр их байна вэ?

-Эзэнгүй орхигдсон талбайд нэн шаардлагатай байгаа хөрөнгө бол 180 гаруй тэрбум. Ойрын хүндрэлтэй нөхцөлд Улсын төсвөөс үүнийг гаргаад хэрэгжүүлэх боломж хомс. Бусад лиценз эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулаад орхисон газар, талбайг өөрсдөөр нь нөхөн сэргээлгэхээр холбогдох шатны Засаг дарга, цагдаагийн ажилтнуудад хүргүүлсэн. Үүнийгээ хийхгүй бол хэрэг үүсгээд явна. Лиценз эзэмшигч нь хуулийн дагуу биелүүлэх үүргээсээ зугтах ёсгүй юм.

-Хариуцлагагүй уул уурхайгаас болж хоёр хүн амиа алдлаа. “Эко Алтан Заамар” компанид ямар хариуцлага тооцох вэ?

-Байгаль орчны менежмент, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулахдаа тухайн аж ахуйн нэгжүүд хууль зөрчихгүй байх, хөдөлмөр аюулгүй байдлаа хангах үүрэг хүлээдэг. Тэр үүргээ биелүүлээгүй бол тухайн аж ахуйн нэгжийн асуудал цуцлагдах хэмжээнд яригдана. Байгаль орчны яам хууль бус үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь батлаад байдаг юм биш. Хууль дүрмийн хүрээнд явсан уу гэдгийг л бид шалгадаг. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч ирнэ. Тэр нь манай яамны харьяаны асуудал биш.

-Удаа дараа энэ компани зөрчил гаргалаа шүү дээ?

-Мэргэжлийн хяналт болон бусад мэргэжлийн байгууллага шалгаад үйл ажиллагааг нь зогсоох ёстой гэсэн албан даалгавар гаргах юм бол зогсоох үүрэгтэй. Зөвхөн манай яамнаас хамаараад түүнийг зогсооно, зогсоохгүй гэдэг асуудал байхгүй. Манай яам хамгаалсан зүйл огт байхгүй. Хэргийг шалгаж байгаа гэдэг мэдээллийг бидэнд өгсөн.

-Аргаль агнах зөвшөөрлийг хаанаас өгдөг вэ. АНУ-ын Ерөнхийлөгч хүү Дональд Трамп ЖР Монголд хууль бусаар аргаль агнасан асуудлыг хянасан уу, хууль бус байсан гэж яриад байгаа?

-Юм бүхэн хоёр талтай. Нэгдүгээрт, Монгол Улсыг сурталчилсан. Монголд аргалийн агнуур байдаг гэдгийг мэдээгүй хэсэгт нь хүргэсэн. Нөгөө талдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан юм шиг сөрөг мэдээлэл гарсан. АНУ-ын Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудалтай холбоотойгоор өөрийнх нь зөвлөх, охин, хүүтэй холбоотой хууль бус асуудлыг олон улсын хэвлэлээр цацсан. Түүнтэй холбоотой. Ирж агнасан асуудал нь албан ёсны хуулийн хүрээнд явсан. Агнасан ангийнхаа эвэр, бүтээгдэхүүнийг хилээр гаргахдаа тусгайлсан гэрчилгээг тухайн өдрөө авдаг. Гэтэл олгосон квот, гэрчилгээг андуурсан асуудал бий.

-Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан маргаан шүүхэд очдог. Ийм асуудал хэчнээн байна вэ?

-Аж ахуйн нэгж, иргэн шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа.

Өнөөдрийн байдлаар 106 хэрэг шүүхэд явж байгаа. Манай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, эсвэл тусгай зөвшөөрлийг цуцалсан явдалд шууд манай яамыг буруутгадаг. Шүүх дээр 30 орчим хувь нь эсрэг гардаг. Тэгээд л давж заалдах байдлаар явж байна даа. Эцсийн шийдвэр гарах хүртэл хоёр жил гаруй явдаг. Зайсангийн амыг бид тохижуулахад бэлэн байна. Гэтэл цуцалсан шийдвэр нь хууль бус гээд тухайн аж ахуйн нэгж манай яамыг шүүхэд өгчихсөн. Шүүхийн шийдвэр яаж гарах юм. Улсын төсвөөр нийтийн бие засах газраа барих гээд чадахгүй явж байна даа.

-Төв аймгийн Заамарт гэхэд л 300 гаруй лиценз бий. Гэтэл тэдгээр компаниуд байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдээд байхад л хаагдахгүй юм гэж нутгийн иргэд хэлж байгаа шүү дээ?

-Нутгийн иргэдийн гомдол хуульд нийцтэй байна уу, үгүй юу гэдгийг ажлын хэсэг гараад шалгаад явж байна. Зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон, заримынх нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй байгаа. Тэгэхээр тухайн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулахгүй байна гэсэн үг. Тухайн шатны Засаг дарга нар хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Ерөнхий асуудлыг дээд түвшний байгууллага руу өгчихдөг. Тодруул гээд өгөхөөр буцаа гэсэн хэмээн асуудлыг буруу зөрүү тайлбарладаг. Тухайн шатны Засаг дарга, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нарын дүгнэлттэйгээр газар дээр нь ажиллаад, дүгнэлтээ ном журмын дагуу гаргах ёстой юм. Манай яам шууд тэг, ингэ гээд байж чадахгүй.

-Ерөнхий сайд хууль бус лицензүүдийг цуцла гэсэн. Нийтдээ хэчнээн лиценз цуцлаад байна вэ?

-26 лиценз цуцлагдсан байгаа. Гурван аймгийн нутаг дэвсгэрт цуцласан байгаа.