ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элит “микроб”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-14

УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарийг элит “микроб” гэхээс өөрөөр тодорхойлох аргагүй юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд улс төрд  вангийн удмын үргэлжлэл гэдгээрээ илүүрхэж, 1997 онд МАХН буюу одоогийн МАН-д элссэнээс хойш албан тушаалын одтой явсан нэгэн. Тэр цагаас өнөөг хүртэл Дэлхийн банк болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайд, УИХ-ын гишүүн  гээд 20 жил төрийн өндөр албан тушаалд томилогдож, үргэлжид өгсөх дараалалтай явж иржээ.

Тэрбээр, 2016 онд УИХ-д Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж сонгогдсон бөгөөд  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олны дунд нэр хүнд муутай гишүүдийн тоонд зүй ёсоор багтсан нэг билээ. Н.Оюундарь 2015 онд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний эцсийн зорилго бол УИХ-ын гишүүн, сайд дарга болох огт биш гэдгийг дахин хэлье. Өөрийнхөө мөрийг зөв үлдээх, хожим үр удмаа харахад бахархах гавьяатай амьдрахыг хүсдэг.

Би ер нь юуг илүү сайн хийж чадна, тэр зүйлээ  сайн хийх хэрэгтэй гэж үздэг. Улс нийгэмдээ хийсэн бүтээсэн зүйлтэй, зөв зам мөр үлдээхийг хүсдэг. Амьдралынхаа төгсгөлд бид нэг л газарт очно. Тийм байхад сэтгэл амар үхнэ шүү дээ” гэж ярьсан байдаг аж. Харин УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаас эхлэн өөрийн зорилгоосоо хазайгаад зогсохгүй хувийн бизнес, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарч ажилласан  байх юм. Тухайлбал, одоогийн парламентад Н.Оюундарь орлогоороо нэлээд дээгүүр эрэмбэлэгддэг бөгөөд 20 гаруй  компаниас хувьцаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, ‘Бльюмон’ ХХК, ‘Шөлөндө’ ХХК, ‘Ньюбулл’ ХХК, ‘Сура хаус’ ХХК, ‘Цэ энд Цэ’ ХХК, ‘Нью Мохито’ ХХК, ‘Бльюмон Пропертийс’ ХХК, ‘Риаж’ ХХК, ‘Нарны эрхэс’ ХХК, ‘Бльюмон Катеринг’ ХХК, ‘Монгол шар Айраг Брювери’ ХХК, ‘Түрэлт’ ХХК, ‘Петротранс Топ’ ХХК, ‘Петротранс Дорнод’ ХХК, ‘Петротранс’ ХХК, ‘Эрдэнэс Таван толгой’ ХК, ‘Боб фрэндс’ ХХК, “Рэд стар клуб” ХХК-иуд түүний мэдлийнх билээ. Түүний 2016 оны ХОМ-ийн мэдээлэлд гэр бүлийн нийт орлого нь жилдээ нэг тэрбум 843 сая 822 мянган төгрөгт хүрч, 350 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай, 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 216 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байжээ. Түүнээс хойш буюу хоёрхон жилийн дараа буюу 2018 онд гэр бүлийн гишүүдийнх нь жилийн орлого 5.3 тэрбум төгрөгийн орлоготой болж, 76 гишүүнээс хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дотор түүний орлого 3.3 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн гэсэн үг. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй УИХ-ын гишүүн Н.Оюундарь 2017 онд “Рэд стар клуб” ХХК-иараа дамжуулан жилийн гурван хүүтэй ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээлийг авч, иргэдийнхээ боломжийг хулгайлж байлаа. Тэр өдгөө зээлээ төлсөж байгаа ч мэдээлэлд ойр, өмнө нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөхөөр ажиллаж байсан зэргээр давуу байдлаа ашиглан жирийн иргэдийн хүртэх боломжийг хязгаарлаж байсан юм.

Түүний авсан 800 сая төгрөгөөр дундаж орлоготой найман үйлдвэр ажиллуулж болох байлаа. Багаар бодоход 18-20 үйлдвэр үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, ажлын байрыг бий болгох байсан юм. Гэтэл эрхэм гишүүн иргэдийнхээ боломжийг хулгайлсан үйлдэлдээ харуусах нь бүү хэл “Хүүгийн компани надад хамааралгүй, уучлалт гуйх шаардлагагүй” хэмээж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэр хүндэд халдсан зэргээр буруутгаж байлаа. Тэгвэл тус компанийн 80 хувийг эзэмшдэг бөгөөд ХОМ-т  “Рэд стар клуб” ХХК албан ёсоор бүртгэгдсэн байдаг юм. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын 17 гишүүн 2.7 тэрбум төгрөгийн зээл хүртэхэд  Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь “Ээж оюу сайхан” компаниар дамжуулан  олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн байж болзошгүй асуудалд хүртэл холбогдож байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн 29 тусгай сан байдгаас хоёроос эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хүртжээ. Дөрвөн жилийн хугацаанд зургаан хуулийн төсөлд гар бие оролцсон бөгөөд 900 сая  төгрөгийн асуудалд холбогдсон байх юм. Тэгсэн атлаа сонгогдсон тойрогтоо олигтой хийсэн зүйлгүй сонгуульт хугацаагаа дуусгаж байна. Жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлдаг, хийсэн үйлдэлдээ гэмшиж, харуусдаггүй, ичдэггүй, айдаггүй улстөрчдийг эр, эм гэлтгүй 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэхгүй байх уриалгыг “Монголын мэдээ” сонин долоо хоног бүрийн мягмар гарагт уншигч нартаа хүргэсээр байх болно.

Сонгууль:

2016 онд МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж, УИХ-нээр сонгогдон ажиллаж байна. 
МАН-аас Н.Оюундарь 44.85 хувийн санал авсан. 
АН-аас С.Баярцогт 38.57 хувийн санал авсан. 
МАХН-аас Л.Ганболд 4 хувийн санал авсан

Албан тушаал:

2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч 
2014-2015 онд Гадаад хэргийн дэд сайд 
2016-2020 онд УИХ-ын гишүүн 

Санаачилсан хуулийн төсөл:

2019 онд: Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль / Хэлэлцэж эхлээгүй/
2019 онд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай нэмэлт өөрчлөлт /УИХ-аар хэлэлцэж байгаа/
2018 онд: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга /Баталсан/
2018 онд: Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын хууль /Хэлэлцэж байгаа/
2016 онд: Төр сүм хийдийн харилцааны тухай /Хэлэлцэж эхлээгүй/
2017 онд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Буцааж, хүчингүй болгосон/
2017 онд: Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай /Батлагдсан/