ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын бүсгүйчүүд дахин “нэгджээ”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-17

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд АЭХ-ноос зохион байгуулсан “Лиш” фестивалийн үеэр АН-ын үе үеийн лидер эмэгтэйчүүд нэгэн дээвэр дор чуулж Монголд анх удаа дээд  хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулав. Угтаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд салбар бүртээ чимээгүйхэн хөдөлмөрлөж явсан АН-ын бүсгүйчүүд нэгэн дээвэр дор цугласан нь тэр байлаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ш.Батцэцэг, Осака дахь Монгол Улсын ерөнхий консул асан Ч.Куланда гээд АН төдийгүй Монголын үе үеийн лидер бүсгүйчүүд хуран цугласан юм. Тэд бол өнөөгийн нийгэмд өөр өөрийн салбартаа тод өнгөөр гэрэлтэж, улс төрд ч тод дүр хэвээр байгаа эмэгтэйчүүд билээ. 

Өнгөрсөн хугацаанд АН-аас төрөн гарсан улстөрч бүсгүйчүүд шат шатны шийдвэр гаргах түвшинд сонгогдон, томилогдож ажиллаж улс орон, ард иргэдийн сайн сайхны төлөө олон ажлыг санаачлан хийж байлаа. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг гэхэд л Тамхины хяналтын хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн том автор болж танигдсан. Угтаа нийгэмд аливаа эерэг өөрчлөлтийн салхийг хагалж шанг нь АН, МАН-ын улстөрч эмэгтэйчүүд татдаг цаашдаа ч татсаар байх билээ. 

АН-аас сонгогдон гарсан эмэгтэйчүүд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль, Тамхины хяналтын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний хууль зэрэг нийгэмд үр өгөөжтэй олон хуулийг батлуулж чадсан юм. Угтаа тэдний гаргасан энэ амжилт  аливаа асуудлыг шийдэхэд эмэгтэйчүүдийн хүч, санал санаачилга чухал нөлөөтэйг нотолж, нийгэм даяараа эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч тэднийг дэмжиж, итгэл хүлээлгэдэг болсон нь бас худлаа биш юм.