ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: АН-ын зөвлөлийн дарга казинод тоглоогүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-20

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр албан ёсоор хуралдах байсан ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх ёстой Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа хуралдахаар хойшлуулсан талаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат казинод орж тоглосон уу гэх асуултад “Өнөөдөр өглөө АН-ын зөвлөлийн даргатай утсаар ярьсан. Би зөвхөн сонирхож ороод гарсан. Тоглоогүй гэдгээ мэдэгдсэн. Ер нь хаана ч гэсэн сонирхож ороод гарах нь байдаг  асуудал шүү дээ. Дэлгүүр хоршоогоор ч ороод л гардаг. Тодорхой бооцоо, мөрий тавиад тоглосон бол ямар ёсзүй, хууль зөрчсөн бэ гэдэг нь яригдах байх.

Хэрвээ тийм биш бол хариуцлагын асуудал яригдахгүй. Ороод гарах нь байх л асуудал. Төрийн эрх барьж байгаа нам чинь төрийн албан хаагч казино тоглосон бол хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Тэд ямар хариуцлага тооцохоо ярих байх. Бидний хувьд тогтоогдоогүй байхад байр суурь илэрхийлмээргүй байна. Хүн ороод гарах чинь өөр асуудал шүү дээ. Өөрийн эрхийн хүрээнд тодорхой байгууллагаар ороод гарах нь нээлттэй шүү дээ. Хаацайлаад байгаа зүйл алга.

Сонирхоод гарна гэдгийг хуулиар хориглосон зүйл байхгүй. Гадаадад ямар ч байгууллагаар ороод гарч болно. Өндөр үнэтэй буудалд орж болохгүй гэх асуудал алга. Тоглосон нь тогтоогдвол хариуцлага яригдана” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэний зүгээс тойргийн хуваарилалт, мандатын асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүлсэн бөгөөд энэ талаар ярихдаа “Хүн төлөөлөх гээд байгаа юм уу, газар нутаг төлөөлөх гээд байна уу гэдгээ тодорхой болгох ёстой. Хүн амын нийт 50 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна.

Орж гарч байгаагаа тооцвол хүн амын 60 гаруй хувь нь байгаа. Гэтэл мандатын хуваарилалт хийхдээ одоо байгаа 28 мандатаас 4-ийг нь хасч аймгууд руу шилжүүлнэ гэдэг зүйл яриад зогсож байна. Ингэснээр нийслэл нь 24 мандаттай, аймгууд 52 мандаттай болно гэж байгаа. Ийм шударга бус зүйл байж болохгүй. Төлөөллийн зарчим ч алдагдаж байна. Хөдөө орон нутагт 15-20 мянган хүн тутмаас нэг мандат гарч байхад, Улаанбаатарт 40-50 мянган хүнээс нэг хүн гарч байгаа юм. Тиймээс одоо байгаа мандатын тоог хэвээр үлдээгээч гэдэг санал оруулсан” гэлээ.