ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар: Шатахууны компаниудын шахалтад Монголын төр орохгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-22

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр хийдэг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд тус яамны сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын статистик мэдээллийг  хүргэлээ. Тухайлбал, 2019 онд уул уурхайн бүтээгдэхүүний ДНБ-нд эзлэх хувь нь 25 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 72 хувь, экспортын бүтээгдэхүүн 90 хувийг төвлөрүүлж байгаа ажээ.  Харин аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 20.1 их наяд, уул уурхайн олборлох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 13.7 их наяд, нүүрс олборлолт 800 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгааг онцоллоо. Ингэснээр  салбарын үзүүлэлт сүүлийн хоёр жил өссөн аж.

Харин 2020 онд нүүрсний үнийн дүр зураг уналттай биш, одоо байгаа түвшнийг хадгалаад явна гэв. 
Мөн манай улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулах оролдлого хийх талаар мэдээлсэн юм. Гадаад зах зээлдэх газрын тосны бүтээгдэхүүн энэ сарын  3-ны өдрөөс хойш өсчээ.  Хэрэв эрсдэлийн сантай болчихвол энэ хүчин зүйл цаашид нөлөөлөхгүй байх боломжтой аж. Тиймээс Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу УУХҮ-ийн яам ажиллаж, “Би Ди Өү Интернэшнл” ХХК-тай байуулах гэрээний төслийг бэлэн болгожээ. Д.Сумъяабазар сайд мэдээлэл өгсний дараа уул уурхайн салбартай холбоотой цаг асуудлаар  сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Шатахууны үнийг барихтай холбоотой эрсдэлийн санг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Засгийн газар шатахууны үнийг тогтворжуулахын тулд үүсмэл харилцаа нэвтрүүлж эхэлсэн. Шатахууны үнэ бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж, иргэдийн нуруунд ачааны хүнд буудаг. Үүсмэл харилцаагаар шатахууны үнийг барих эхний алхам амжилттай боллоо. Импортлогч компаниуд шатахууны  үнэ нэмэгдэхэд Засгийн газарт шахалт өгдөг байсан. Ийм зүйл байж болохгүй. Эрсдэлийн сан бол дэлхийд байдаг стандарт бөгөөд манайд анх удаа хийж байгаа учраас хардалт байгаа. Шатахууны компаниудын шахалтад Монголын төр орно гэж байхгүй.  Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэрийн худалдаа эрхлэх охин компани байгуулах шийдвэр гарсан. Энэ компани үнэ тогтворжуулах, олон улсын зах зээлийн хэлбэлзлээс үүдэхгүйгээр хангамжийг сайжруулах зэрэг үйл ажиллагаа эрхлэх юм.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах ажил хэрэгжиж байгаа. Одоо ямар шатанд  явж байгаа бол?

-Олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн зөвлөхүүдийн зөвлөмжүүдийн хүрээнд дотоод мэдээллийг санаатай болон санаатай бус байдлаар гаргасан нь биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох эрсдэл байгаа. Тухайн бирж гадны компаниудаас хөрөнгө босгож байгаа учраас бид мэдээллийг ярьж болохгүй. Ерөнхийдөө үйл ажиллагаа маш сайн байгаа. Сонгуулийн өмнө IPO гаргах нөхцөл бий болгох чиглэлээр ажиллаж байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ бага зэрэг буурсан. Импорт бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн ч одоогийн түвшнийг хадгалаад явна гэсэн мэдээллийг шинжээчид өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нийт дүнгээр 2.2 тэрбум орчим төгрөг болсон. Нийт хувьцааны бүртгэл дуусч байна.

2017 оноос хойш өрөө тэглэж, ашигтай ажилласан нь уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэмэгдсэн үетэй давхацсан нь тааламжтай. Өнгөрсөн жил тус компанийн  ногдол ашгийг Зүүн Баянгийн төмөр замын бүтээн байгуулалт буюу экспортыг дэмжсэн төсөл рүү оруулж, УИХ-д танилцуулсныг аж үйлдвэр, экспорт, эдийн засгаа нэмэгдүүлэхэд төмөр замын бүтээн байгуулалт чухал учраас шийдвэрүүд гаргасан. Цаашид ч гаргаад явна. Бид цаашид БНХАУ-тай жилд 30 сая тонн нүүрс борлуулах зах зээлээ хамгаалсан шийдвэрээ саяхан гаргаад ирсэн. Эдгээр зүйлүүдтэй холбогдоод экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. 1072 хувьцаанд ногдол ашиг олгоно, олгохгүй гэж маргаан үүсээд буй. Мэдээж компани ашигтай ажиллаж байгаа учраас ногдол ашиг олгож болох эсэх тооцооллыг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Хоёрдугаар сарын 15-ны дотор тодорхой шийдвэр гаргана.

-Өнгөрсөн онд Монгол­банкинд тушаасан алтны хэмжээ буурсан нь амнат-эй холбоотой юу?

-АМНАТ-ийг 2.5 хувиар нь дахиад таван жил сунгаад өгөөч гэж салбарын сайдын хувьд удаа дараа УИХ-ын гишүүдээс гуйсан. Хамгийн багадаа 30 хувь алдана гэсэн ч алдсан. Одоо 16.25 тонн алт л байна. Уг нь өнгөрсөн жил бид 21 хувиас дээшээ явж байсан. Энэ мэтчилэн популист маягийн шийдвэр эдийн засагт хор уршигтай байдаг. Алт татвартаа биш, тушаалт буюу хэмжээндээ байдаг юм. 16 тонн алт гэдэг нь 300 гаруй сая ам.долларыг алдаж байна гэсэн үг шүү дээ. Тэгсэн хэр нь үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Эргээд Уул уурхайн яам буруутай юм шиг ярьдаг. Алтны салбарын бодлого алдагдаж, 30 хувийн алдагдалтай явж байгаа. 2020 онд 2018 оны алт тушаалтын хэмжээнд барьж ажиллахыг хичээнэ. Дээрээс нь алт цэвэршүүлэх үйлдвэр Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй. 

-“Эко Алтан Заамар”-ын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж хүний амь нас эрсдэж байна. Уг асуудалд яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тогтоол гарч хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг бүгдийг нь зогсоох тухай ярилаа. Мөн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох асуудлуудыг хэлсэн. Яамны зүгээс байцаагч гаргаад өгөөч гэхээр гаргаж өгдөггүй. Жил болгон “Эко Алтан Заамар” эрдэнэт хүний амь насаар туг тахиад байх уу. МХЕГ энэ асуудалд анхаарлаа хандуулаад, БОАЖЯ-ны дүгнэлттэй нь хамт оруулаад ирвэл “Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна. Жил болгон гурав, дөрвөн хүний амь нас авдаг уурхай. Тийм зүйл гэж байхгүй. Бид шууд цуцалчихаар шүүхдээд, үндэслэлгүй цуцлалаа гээд байдаг. Тэгээд сүүлдээ бүх буруугаа яам руу чихээд байж болохгүй.

-Газрын тосны хаягдлыг дахин газарт булсан талаарх асуудал үүсээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Газрын тосноос гарч буй хаягдлыг плёнк дэвсэж байгаад газарт булж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Энэ дагуу үйлдлээ зогсоох шаардлагыг хоёр жилийн өмнөөс хүргүүлсэн. Гэвч газрын тосны хаягдлыг хаана, хэрхэн булж устгах талаарх дүрэм журмаа төр өнөөдрийг хүртэл батлаагүй. Иймд “Петро Чайна Дачин Тамсаг” компанид хариуцлага тооцох, шүүхэд хандах хуулийн боломжгүй байгаа. Засгийн газар хаягдлыг булуулахгүй гэсэн шийдвэрт хүрсэн тул тус компани хаягдлаа дахин боловсруулах буюу нэрэх технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Манай хоёр хөршид газрын тосны хаягдлыг газар булахыг 2014-2015 онд хориглосон юм билээ.  “Натурал рэковэри” гэх компани “Петро Чайна Дачин Тамсаг”-тай хамтран ажиллах гэрээ  байгуулснаар устай холилдсон лаг шавар, газрын тосыг салгах аргыг нэвтрүүлнэ.