ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой 13 секунтын бичлэг олджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-22

УИХ-ын гишүүн,  төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны гэр бүлийнхэн өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийлээ. Талийгаачийг 2019 оны  тавдугаар сарын  17-ны өдөр   Төрийн ордны хоёр давхрын гонхноос унаж  зуурдаар нас барснаас хойш гэр бүлийнхэн нь анх удаа хэвлэлийнхэнд хандсан юм. Хэвлэлийн бага хуралд түүний том хүү  Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцлоо. 

Энэ талаар хуульч,  өмгөөчлөгч  Батхуяг хэлэхдээ, “Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд найман сар өнгөрсөн ч одоо болтол  шийдэгдээгүй байна.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  цахим орчинд тус  хэрэгтэй холбоотой гадны нөлөөгүй амиа алдсан, хэрэг хаагдлаа гэх мэт  мэдээлэл гарсан  ч ар гэрийнхэ нь ямар нэгэн мэдээлэл  хийгээгүй. Тэвчээртэй хандсан. Шүүх эмнэлгийн  дүгнэлт эцэслэн гарсан. Дүгнэлтээр анхаарал татсан зарим зүйлийг дурдмаар байна.  Талийгаачийн баруун нүдэнд  хөхрөлт, хавдалт үүссэн, хүзүүний зүүн  хажууд улайлт үүссэн. Энэ нь боолгосны улмаас үүсч болдог улайлт. Дүгнэлтээр өвчний улмаас цус харваагүй,  гэмтлийн гаралтай цус харвалт үүсэн гэсэн дүгнэлт гарсан. Мөн  энэ хэрэгт УИХ-ын  нэр бүхий гишүүнээс полиграфын тест буюу үнэн худлыг шалгах тест авсан. Тестийн дүгнэлтээр асуусан  асуултад  хариулахдаа сэтгэл санааны хувьд  гэм буруугүйн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан. Мөн хэргийн  газрын  үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг.  Үзлэг шинжилгээ хийлгэхэд гар утсанд ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Түүнийг сэргээх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Гар утасны гадаргуу дээр ямар нэгэн биологийн ул мөр байна уу гэдгийг шинжлэх ёстой байсан ч, түрүүлээд дотор нь юу байна гэдгийг шалгасан. Энэ явцад гадаргуу дээрх биологийн ул мөр арилсан. Хэргийг шалгах явцад  хохирогчийн ар гэрийнхэн рүү  нэр бүхий этгээд  мессеж бичсэн. Мессежинд   “Би хэргийг харсан, надад 13 секунтын бичлэг бий” гэсэн байсан. Улмаар хэргийг шалгахад хэн гэдэг нь тогтоогдсон.     Мөрдөн шалгах явцад зөрчилтэй асуудлууд их байна” гэдгийг хэллээ. 

Харин  талийгаачийн том хүү Б.Ганхөлөг хэлэхдээ, “Бид гэр бүлээ төлөөлж анхны албан ёсны мэдэгдэл хийж байна. Найман сарын хугацаанд бид маш их тэвчээртэй ажиглаж суулаа. Найман сар гэдэг маш урт хугацаа ч бидний хувь нэлээн хүндхэн өдрүүд өнгөрлөө. Өвөө,  эмээ,  ээж маань ч байна. Дөрвөн настай  бага дүү маань бэтгэрээд  сууж байна. Тэр өдөр бидэнд маш хэцүү  хар толбо үлдээсэн хүнд өдөр байлаа. Ийм өдөр  ирнэ гэж төсөөлсөнгүй. Цоо  эрүүл, саруул  аав минь албан үүргээ гүйцэтгэхээр ордонд орсон ч  буцаж гарч ирээгүй. Бид  яах аргагүй гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Баруун нүд  нь хөхөрсөн. Гэтэл зүүн талаараа унасан байсан. Хүзүүнд нь гарсан  улайлт ойлгомжтой шүү дээ. Заамдалтын  улмаас үүссэн. Бид  ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Төр нийгмийн зүтгэлтэн,  УИХ-ын гишүүнээр гурван  удаа,  УИХ-ын дэд дарга,  сайдаар ажилласан  байсан хүн  тусгай хамгаалалтай газар ажлын цагаар амиа алдчихаад  байхад яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ. Хэргийг хурдан шийдэж өгнө гэдэгт итгэл алдралгүй хүлээж байна. Мөн задлан шинжилгээ явуулахын өмнө MRI аппратад оруулъя гэх ар гэрийнхнийх нь хүсэлтийг шүүх эмнэлэг хүлээж аваагүй.” гэлээ. 

Харин Б.Цэлмэг, “Бид аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ, өвөө маань өдөр бүр аавын зурагны өмнө олон цаг сууж, залбирч, ээж маань насаараа ханилсан ханиа алдлаа. Дөрөвхөн настай дүү минь аавыгаа нэхээд хоолноосоо гарсан. Одоо ч гэсэн орой ажлаа тараад ороод  ирэх юм  шиг санагддаг. Бид  аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно” гэв.