ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Болорчулуун: Малын хулгайчдын бугуйнд GPS суурилуулна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-23

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай Малын хулгайтай тэмцэх хуулийн талаар ярилцлаа.

-УИХ-аар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, малын хулгайд ногдуулах ялыг чангаруулсан. Малын хулгайтай тэмцэх талаар орсон гол өөрчлөлтүүд юу байна вэ? 

-Малчдын зүгээс малын хулгайн асуудлыг цэгцэлж өгөөч гэсэн хүсэлтийг орон нутгаас сонгогдсон гишүүдэд байнга тавьдаг. Энэ дагуу миний бие орон нутгаас сонгогдсон зарим гишүүдийн хамт Малын хулгайтай тэмцэх чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулсан. Өмнө нь  малын хулгайч торгуулах юм уу, аймгийн төвдөө очиж 7-14 хоног нийтэд тустай ажил хийгээд л эрх чөлөөтэй болдог байсан юм. Энэ нь малын хулгайг улам “гааруулах” гол шалтгаан байсан гэхэд болно. Хулгай л бол хулгай шүү дээ. Тиймээс малын хулгайд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. 300 мянгаас дээш эд хөрөнгөө алдвал эрүүгийн хэрэг үүсдэг. Гэтэл нэг бод багадаа сая төгрөгийн үнэлгээтэй. Ийм байхад эрүүгийн хэргийн хариуцлага хүлээхгүй хэдэн төгрөгөөр торгуулах юм уу нийтэд тустай ажил хийсэн болж аймгийн төвд сэлгүүцэж байгаад буцдаг байж болохгүй. Хуучин хуулиар найман бод 24 богоос доош бол хөнгөлөх зүйл заалтуудтай байсан юм.

Өөрөөр хэлбэл, найман бод, 24 богоос доош мал хулгайлсан бол дээр хэлсэн торгуулах эсвэл нийтэд тустай хөдөлмөр эрхлээд өнгөрдөг байсан гэсэн үг. Үүнийг малын хулгайчид андахгүй болчихсон учраас хуульд заасан энэ тоонд тааруулж хулгай хийдэг байдал хулгайчдын дунд нэг ёсны тогтсон жишиг болчихсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл шинэчилсэн хуулиар энэ тоог багасгаж, хоёр бод найман бог болгож багасгасан. Гэхдээ нэг мал хулгайлсан хүн хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэж байхгүй. Хуулийн зүйл заалтаараа ердийн, хүндрүүлсэн, онц хүнд гэсэн ангилалтай. Өөрөөр хэлбэл, хоёр бод, найман богоос доош тооны мал хулгайлсан бол ердийн гэсэн ангиллаар шийтгэл ногдуулна. Энэ ангилал нь хоёр төрлийн ялтай юм. Нэгдүгээрт, зорчих эрхийг нь хязгаарлана, хоёрдугаарт, зургаан сараас тав хүртэлх жилийн хорих ял ногдуулдаг байхаар хуульчилсан. Харин хүндрүүлсэн нөхцөл нь хоёроос найм хүртэлх жилийн ялтай байна. Онц ноцтой буюу гурав дахь ангилалд найм ба түүнээс дээш жилийн ял ногдуулдаг байхаар хуульчилсан. 

-Хүнд болон онц хүнд гэсэн ангилалд хэчнээн тооны малын хулгайг хамааруулах юм бэ?

-Хоёр бог найман бодоос дээш тооны мал хулгайлсан, мөн бүлэглэж үйлдсэн болон машин техник ашиглаж зохион байгуулалттай хулгайлсан бол хүндрүүлсэн ангилалд хамаарч, найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх юм. Харин онц хүнд ангилалд олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн, давтан, хил дамнуулсан  үйлдлүүд хамаарах юм. Үүнээс гадна гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол мөн хүндрүүлсэн ангилалд хамааруулж авч үзнэ. 

-Амжиргааны эх үүсвэрээс салгасан бол малын тооноос хамаарахгүйгээр ялыг хүндрүүлэх асуудал ярьж байсан. Энэ заалт батлагдсан уу?

-Баталсан. Хоёр саалийн үнээтэй, түүгээрээ амжиргаагаа залгуулж байгаа хүний хоёр үнээг нь хулгайлчихвал тэр хүн амжиргааны ямар ч эх үүсвэргүй болно биз дээ. Мянган малтай айлын хоёр үнээ, хоёрхон үнээтэй хүнийг хоослох хоёрын хооронд амьдралын эх үүсвэрийн том ялгаа бий. Энэ үүднээс амжиргааны эх үүсвэрээс салгасан буюу ноцтой хохирол учруулсан гэсэн зүйл заалтаар хүндрүүлсэн ангилалд ял эдлүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэг мал хулгайлаад тэр нь тухайн малчинд ноцтой хохирол учруулсан бол найм хүртэлх жилийн ялаар шийтгэнэ гэсэн үг.  

 

...Миний ажлын албанаас маш их ажилласан юм. Гэтэл З.Нарантуяа гишүүн намайг орон нутагт ажиллаж байхад хуулийн төслийн эх хувийг канондоод УИХ-ын даргад өөрийнхөө нэрээр өргөн барьчихсан байсан. Тэгж болохгүй шүү дээ. Хуулийн төслийг боловсруулахад шаардлагатай бүх бэлтгэл ажил, судалгаа шинжилгээг би зохион байгуулж, миний ажлын хэсгийнхэн хийсэн, миний нэрээр явж байгаа хуулийн төслийг надад мэдэгдэхгүйгээр өргөн барьж болохгүй биз дээ...

 

-Хурдан удмын адуу хулгайлсан бол ялыг нь хүндрүүлсэн гэж байсан?

-Зөвхөн хурдан удмын адуу биш шүү дээ. Гойд ашиг шимтэй малыг хулгайлсан бол хүндрүүлсэн зүйл ангиллаар яд ногдуулахаар хуульчилсан. Мал гэсэн ерөнхий нэртэй ч дотроо ашиг шимээрээ өөр өөр шүү дээ. Машин байлаа гэхэд экселийг жийптэй харьцуулж үнэлж болохгүй биз дээ. Өдөрт 20 литр гардаг саалийн үнээг гурван литр гардаг үнээтэй зүйрлэж болохгүй. Хоёр килограмм ноолуур гардаг ямааг 300 грамм ноолуур гардаг ямаатай ашиг шимийн хувьд адилтгах нь учир дутагдалтай. Гойд ашиг шимтэй малд тусгай сертификат олгосон байдаг. Үүнтэй адилхан улс бүсийн наадамд түрүү булаалддаг морийг хонины морьтой адил хэмжээнд үнэлэхгүй. Энэ утгаар нь гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол гэж тусгайлан зааж өгсөн юм. 

-Сүүлийн үед хулгайчид малыг бэлчээрт нь шууд буудаж хороож байгааг малчид хэлж байна. Хэрэв малыг буудаж хороосон бол ялыг хүндрүүлэх үү. Энэ тохиолдолд ямар ял шийтгэх вэ?

-Яг энэ асуудлаар би УИХ-ын чуулганд зарчмын зөрүүтэй санал гаргаад, харамсалтай нь дэмжлэг аваагүй юм. Монгол хүн буянт мал руугаа буу шагайна гэдэг нэгдүгээрт монголоо алдсаны шинж. Хоёрдугаарт, буу бариад хулгай хийж байгаа хүн үйлдэл дээрээ баригдвал хүн рүү ч бууны ам чиглүүлэхийг үгүйсгэхгүй. Энэ үүднээс нь авч үзээд буугаар мал хөнөөсөн бол хүндрүүлэх зүйл ангилалд оруулах санал гаргасан ч гишүүд дэмжээгүй. Учир нь энэ асуудлыг галт зэвсгийн хуулиар зохицуулаад явах боломжтой гэж үзсэн юм. 

-Малын хулгайг ихэвчлэн хэд хэдэн хүн нийлж буюу бүлэглэн үйлддэг гэдэг. Гэтэл яг шүүхээс ял оноох болоход нэг хүн болоод хөнгөн ял шийтгүүлэх асуудал түгээмэл байдаг юм билээ. Үүнийг хуульд хэрхэн зохицуулав? 

-Ийм асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд тодорхой болно шүү дээ. Мөрдөн байцаалтын явцад бүлэглэн үйлдсэн нь тодорхой болвол тухайн хулгайч мянга би ганцаараа гэж хэлээд нэмэргүй. Шинэчилсэн хуулиар нэг хонь хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээх юм. Гэхдээ энэ нь өмнө нь хэлсэнчлэн ердийн буюу хөнгөн ангилалд хамаарч, зорчих эрхийг хязгаарлах гэх мэт хариуцлага хүлээх юм. Зорчих эрхийг хязгаарлах нь минийхээр манай улсад хамгийн тохиромжтой ялын хувилбар шиг санагддаг. Хөнгөн төрөлдөө шүү дээ. Долоо хоног нийтэд тустай ажил хийлгээд суллаж байснаас зургаан сар зорчих эрхийг нь хязгаарлах нь илүү үр дүнтэй гэсэн үг. Гадны орнуудад үүнийг нэлээд хэрэглэдэг юм билээ. Хулгайчийг гэрийнхээ ойр хавийн таван километрээс цааш холдох эрхийг нь хязгаарлачихвал хол явж, хавь ойрынхоо малыг хулгайлж чадахгүй шүү дээ. 

-Тогтоосон  тойргоос гарч байгаа эсэхийг нь яаж хянах юм бэ?

-Бугуйнд нь төхөөрөмж суурилуулна. ЖИ ПИ ЭС /gps/-ээр хянаад явчихна гэсэн үг. Хэрэв тэр хүн хуулиар тогтоосон тойргоос гарвал мэдээлэл нь шууд цагдаагийн байгууллагад очно. Хэрэв бугуйвчаа тайлбал мөн мэдээлэл очих бөгөөд энэ тохиолдолд хэрэгтэнг шууд хорих ялаар шийтгэнэ гэсэн үг. Энэ аргыг гадны орнуудад түгээмэл хэрэглэдэг. Ялангуяа малын хулгайн хэрэгт маш тохиромжтой ялын хэлбэр гэж харж байгаа. Энэ нь гэхдээ зөвхөн хөнгөн ангиллын хэрэгт ногдуулах ялын нэг хэлбэр гэдгийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. 

-Малын хулгайн хуулийн төсөлд З.Нарантуяа гишүүн та хоёр маргалдаад байсан шүү дээ. Таны өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийг З.Нарантуяа гишүүн санаачилсан гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ. Яагаад ийм маргаан гарах болсон юм бол?

-Анх санаачилсан хүн нь би болон орон нутгаас сонгогдсон нэр бүхий гишүүд. Тэдний дунд З.Нарантуяа гишүүн ч байсан. Гэхдээ хуулийн төслийг боловсруулахын тулд миний ажлын албаныхан Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудаар явж 900 гаруй хүнээс  бичгээр судалгаа авсан юм. Мөн бид энэ сэдвээр орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулсан байдаг. Миний ажлын албанаас маш их ажилласан юм. Гэтэл З.Нарантуяа гишүүн намайг орон нутагт ажиллаж байхад хуулийн төслийн эх хувийг канондоод УИХ-ын даргад өөрийнхөө нэрээр өргөн барьчихсан байсан. Тэгж болохгүй шүү дээ. Хуулийн төслийг боловсруулахад шаардлагатай бүх бэлтгэл ажил, судалгаа шинжилгээг би зохион байгуулж, миний ажлын хэсгийнхэн хийсэн, миний нэрээр явж байгаа хуулийн төслийг надад мэдэгдэхгүйгээр өргөн барьж болохгүй биз дээ. Хуулийн төслийн эх материал нь манай ажлын албанд байсан юм. Намайг эзгүй хойгуур хуулийн төслийн эх материалыг хуулбарлаад өөрийнхөө нэрээр өргөн барьчихсан байсан. 

-Хууль хэзээнээс хэрэгжих вэ?

-Батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн.