ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдгүй үндэсний зөвлөл байхгүй боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-23

УИХ-ын чуулганаар Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал “Оюуны өмчийг айлын шоовдор хүүхэд шиг үзээд өнөөдрийг хүрсэн. Эдийн засгийг төрөлжүүлэхэд хамгийн гол түлхэц болдог салбар. Гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд орж ирээд "Та нар манай оюуны өмчийг хамгаалж чадах уу” гэдэг. Цаашид оюуны өмчийн биржийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод хийх боломжтой” гэлээ. Дараа нь ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн “Хуулийн төслийг харахад бүтэц зохион байгуулалт, маргаан шийдвэрлэх асуудлыг түлхүү оруулсан байна. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахална гэсэн байна. Ерөнхий сайдгүй үндэсний зөвлөл байхгүй боллоо. Зөвхөн үндэсний зөвлөл ахалдаг болчихвол ажил нь хэцүүднэ. Салбарын сайд нь ахлаад явахад болохгүй зүйл байхгүй. Энэ асуудлыг эргэж хараач” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар  “Инновацийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл санаачлагч татаж авъя гэсэн. Манай байнгын хороонд  хуулийн төсөл дэмжлэг аваагүй. Хуулийн зөрчил гарч магадгүй анхаараарай гэсэн юм. Ингээд хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж баталлаа.