ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“finance.yahoo.com”: Ч.Сайханбилэгийг “Амстердам ба Партнерс” ХХК улс төрийн үндэслэлтэй хэргүүдээс өмгөөлнө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-23

Өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр “finance.yahoo.com” сайтад “Монгол Улсын Ерөнхий сайд асан “Амстердам ба Партнерс” ХХК-ийг улс төрийн үндэслэлтэй хэргүүдээс хамгаалуулахын тулд хөлсөлжээ” гэсэн гарчиг бүхий мэдээ тавигджээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар 2014-2016 онд ажиллаж байсан Ч.Сайханбилэг нь Монгол Улсад ардчилсан сөрөг хүчнийг сулруулах, хяналтаа бататгах гэсэн эрх баригч намын өдөөсөн хэд хэдэн хуурамч эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд  “Amsterdam & Partners” LLP-ийг олон улсын өмгөөлөгчөөр ажиллуулахаар болжээ гэсэн байв. 

Мэдээллийг орчуулбал, “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт одоогийн байдлаар Ханбогд суманд байрлах “Оюу Толгойн” далд зэсийн уурхайн бүтээн байгуулалт болон уул уурхайн компани "Рио Тинто" -той 2015 онд гэрээ байгуулах хэлэлцээрт оролцсонтой холбоотойгоор дөрвөн хэрэгт холбогдуулан буруутгаж байгаа юм. "Сайханбилэгийг буруутгаж байгаа нь ямар ч ач холбогдолгүй бөгөөд нотлох баримт дутмаг байна" гэж “Амстердам ба Партнерс” ХХК-ийг үндэслэгч хуульч Роберт Амстердам хэллээ” хэмээв. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эдгээр хэргүүдэд буруугүй бөгөөд шүүхийн шийдвэргүйгээр эх орондоо хууль бусаар саатуулагдсаны дараа өдгөө АНУ-д амьдарч байна хэмээн тус мэдээнд дурджээ. Мөн 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялсныхаа дараа хэвлэл мэдээлэл, шүүх засаглал, сөрөг хүчний АН-ын гишүүд болон бусад гишүүдэд хүчтэй шахалт, дарамт үзүүлж байгаа, энэ асуудлаар “Транспаренси Интернэшнл”, “Эмнести Интернэшнл” зэрэг байгууллагууд анхааруулга өгсөн гэж бичсэн байх аж.