ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр­ын талаар хэн юу хэлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-29

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын хүсэлтийг хаалттай хэлэлцсэн билээ. Хуралдаанд орсон гишүүд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” хэмээн үзэж, олонхийн саналыг дэмжсэн байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдэх юм. Ингээд түүний талаар хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

 

 Б.Жаргалсайхан: Баримтыг яллах, цагаадах хүрээнд цуглуулж байна 

/Улсын Ерөнхий  прокурор/

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн хурлаар тодорхой мэдээллүүдийг задалсан. Гишүүний  задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаалт явж байгаа. Энэ талаар дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан. Дахин давтан нотлох баримт задлах хэмжээнд хүргэхгүйн тулд бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан гэж ойлгож болно.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Зөвхөн гэм буруутайг шүүх тогтоодог. Өнөөдөр баримтыг яллах, цагаадах хүрээнд цуглуулж байна.  Тиймээс ганцхан яллах талын нотлох баримт цуглаж байна гэж ойлгож болохгүй. Тухайн хүн өөрөө цагаадах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй шүү дээ.

 

 Х.Нямбаатар: Н.Номтойбаяр гишүүн тайлбар тавьсан 

/УИХ-ын ХЗБХ-ны дарга/

-УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд орсон нийт гишүүдийн нууц санал хураалтаар 53.8 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Хуралдаанд  УЕП Б.Жаргалсайхан хэргийг оруулж танилцуулсан. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсан. Мөн Н.Номтойбаяр гишүүн тайлбар тавьсан. Санал хураалт нууцаар явсан.

 

 Б.Пүрэвдорж: Би бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг нь дэмжинэ 

/УИХ-ын гишүүн/

-Н.Номтойбаярын тухайд хуулийн байгууллагаар шалгуулаад нэрээ цэвэрлэх нь хамгийн чухал. Хамгийн чухал нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан асуудалд холбогдож байгаа шүү дээ. Тэд манай нутгийн хүмүүс. Ийм байхад би Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг дэмжинэ. Цаашид улстөрчид, төрийн албан хаагчид ямар нэгэн асуудалд холбогдсон тохиолдолд сайн дураараа бүрэн эрхээсээ түдгэлзэж, хууль хяналтын байгууллагаар үнэн эсэхээ шалгуулдаг байх хэрэгтэй. Би байр суурьнаасаа буцахгүй.  

 

 Ж.Батзандан: МАНАН Н.Номтойбаярыг авч үлдэх хуйвалдаан зохион байгуулсан  

/УИХ-ын гишүүн/

-МАНАН бүлэглэл санал нэгдэж, Н.Номтойбаярыг авч үлдэхээр хуйвалдаж байна. Энэ хуйвалдаан Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ил боллоо. МАНАН бүлэглэлийн гишүүд нууц санал хураалт явуулах замаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг шийдвэрийг олонхийн саналаар гаргалаа. Нууц санал хураалт гэдэг аюултай зүйл. Хэн хаашаа ямар санал өгч байгаа нь мэдэгддэггүй. Бидний УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх үеэр нээлттэй санал явуулахыг шаардана. Бидний зүгээс Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг дэмжинэ.