ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Ганзориг: Сурагчдад хичээл заахаар 10 телевиз хамтарч ажиллахаа илэрхийлсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

Дэлхий нийтэд тархаж буй коронавирусын өндөр эрсдэлтэй орны тоонд Монгол Улс багтаж байгааг  Шадар сайд мэдээлсэн билээ. Улмаар төрийн болон хувийн  хэвшлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг  гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл түр хаасан юм. Энэ хугацаанд сурагчдад онлайнаар болон  телевизээр  хичээл заахаар болсон. Тэгвэл  онлайн хичээл  болон бусад асуудлаар  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.

-ЕБС-ийн  сурагчдын хичээлийг онлайнаар болон телевизээр заах шийдвэр гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөөч? 
-Өмчлөлийн хэлбэр үл харгалзан гуравдугаар сар­ын 2-ныг хүртэл ерөнхий боловсролын сургууль, цэцэр­лэгийн үйл ажилла­гааг  хязгаарласан талаар  мэдээлсэн. Шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар БСШУ-ны сайд Ё.Баатарбилэгт тусгайлан үүрэг өгсөн. Энэ хүрээнд телевиз, интернэт, сонин хэвлэлээр дамжуулан хичээл заах ажлын бэлтгэлийг тус яамнаас бүрэн хангаж байгаа.  Маргааш /өнөөдөр/ буюу нэгдүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хурлын дараа салбарын сайд  олон нийтэд мэдээлэл өгнө.   Нийгмийн хариуцлагын хүрээнд онлайнаар, контент хэлбэрээр сурагчдад хичээл заах ажилд 10 телевиз хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. 

-Хөдөө орон нутагт интернэтийн хүрэлцээ муу байдаг шүү дээ?
Хөдөө орон нутагт интернэтийн хүрэлцээ дутмаг байдаг. Тиймээс хэвлэмэл материал буюу сониноор дамжуулан монгол хэл, уран зохиолын хичээлийг сурагчдад хүргэхээр бэлтгэлээ ажлаа хангалаа 

-Дээрх 10 телевизийн сувгаар сурагчдад хичээлийг ямар багш заах вэ? 
-Мэргэжлийн багш нар ажиллах бөгөөд хоёрдугаар сард багш нарыг цалинтай амраана. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн багш нарыг яах вэ, цалинг  нь өгөх үү гэж асууж байсан. Боловсролын хувийн байгууллагуудад улсаас хувьсах зардал өгдөг. Нөгөө талаас сургууль, цэцэрлэг гэлтгүй их, дээд сургууль, сургалтын төвүүд төлбөрөө бөөнд нь авчихсан байдаг. Тиймээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд багш нартаа цалинг нь өгөх бүрэн боломжтой гэж үзсэн тул ийм шийдвэр гарсан. Уг асуудалд ХНХ-ын сайд С.Чинзориг анхааран ажиллаж байгаа. 

-Хичээл орсны дараа тавдугаар сар дуустал бямба гараг бүр хичээллэх шийдвэр гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 
-Сурагчдын хаврын шалгалт оройтох, хэт шахуу хичээллэх, УИХ-ын сонгуультай давхцах зэрэг эрсдлийг тооцож байгаа. Зөвхөн гуравдугаар сард Бямба гарагт хичээллэнэ. Гуравдугаар улирлын амралт 14 хоног байсныг долоо хоног болгох зэрэг зохицуулалт хийнэ.     

-Хүнсний өргөн хэрэг­лээний бараа бүтээгдэхүүнд зохиомол хомсдол үүс­гэж байгаа иргэд,  аж ахуйн нэгжүүдэд  ямар хариуцлага тооцох вэ? 
-Зохиомол хомсдол үүс­гэлгүй, монополь байдлаа ашиглахгүй байхад Шудар­га өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт тавьж ажиллаж байна. Үүнээс гадна иргэд өөрсдөө зохиомол хомсдол үүс­гэхгүйгээр худалдан авалтад болгоомжтой хандах хэрэг­тэй гэдгийг анхааруулж хэлэх нь зүйтэй болов уу.