ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Амь бүхэн нэхэлтэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-07

-Ардчилсан нам гурван лидерийнхээ амийг яагаад нэхдэггүй юм бол-

 

Ардчилсан хувьсгалаас хойшхи 30 жилийн түүхэнд гурван том лидер улстөрч нь асар их хардлага, сэрдлэг, асуудал дагуулсан учир битүүлэг үхлээр хорвоог орхисон талаар хэн нь ч ойн өдрүүдэд, өнөөдөр ч эргэн дурсаж, тэр ч байтугай ярихыг ч хүсдэггүй нь хачирхалтай. Дэгсдүүлж хэлбэл, намынх нь түүхэнд тийм хүмүүс байгаагүй юм шиг, эсвэл байлгахыг хүсээгүй мэт. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ гурван хүний учир битүүлэг, эмгэнэлтэй үхэл олон хүний ярианы сэдэв болсон хэвээр. Үнэн зөв нь олдоосой, хэрэгтэн байдаг бол олдчихоосой хэмээн залбирч суугаа хүн олон бий. Эдгээр гурван хүний эхнийх нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг. 1998 онд түүнийг бусдын гарт цаг бусаар амиа алдсан гэх гунигт мэдээ монголчуудыг нөхөж баршгүй эмгэнэлтэй нүүр учруулсан юм. Монголд ардчиллын салхийг урин дуудаж, оготны хамраас ч цус гаргахгүй тайван замаар ардчиллыг тунхагласан энэ эрхэм хүний ардчилалд оруулсан хувь нэмэр ямар их гэдгийг залуус бид, цаашлаад Их жанжин Д.Сүхбаатарын талбайд мөр зэрэгцэн тэмцэж, жагсаж явсан журмын нөхөд нь хамгийн сайн мэдэж байгаа.

С.Зоригийн бий болгосон ардчиллын үр шимийг тэд 30 жил хүртэж, Зориггүй өнгөрүүлсэн 22 жилдээ харин дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн нь хатуу боловч үнэн билээ. Түүний үхлээр хүний, өөрийн намын олон улстөрч пиар хийж, илрүүлнэ хэмээсээр 22 жил ард түмнийг хуурлаа. Орон гэртээ, ханилсан ханийнхаа дэргэд зэрлэгээр амиа алдсан журмын андынхаа үхлийг учир шалтгааныг хайх боломж АН-ынхан хангалттай байсныг ч нуугаад яах юм. Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 30 жилийн хугацааны 12 жилд нь Ардчилсан Ерөнхийлөгч төр барив. Харин Ерөнхийлөгчийн гарт шүүх засаглалын эрх мэдэл үргэлж байсныг бас зориуд онцолъё. Угтаа илрүүлэх хүсэл зориг, чин зориг байсансан бол С.Зориг агсны ясыг бид 22 жил өндөлзүүлэхгүй байсан юм. Хэн дуртай нь гарч ирээд хэн нэгнийг хилс хэрэгт гүтгэж, эсвэл хилсээр хэрэг үүрүүлчихлээ хэмээн “шоу”-дахгүй байлаа. “Амь бүхэн нэхэлтэй” байдаг хэмээн улс төрийн сэдэв болгож, ардчилалд тод мөрөө үлдээсэн нэгэн хүүгийн учир битүүлэг үхлээр 22 жил “зугаацахгүй” байлаа. 

Дараагийн том лидер бол Ж.Наранцацралт агсан. Улс төрийн хүрээнд “Монголын улс төрийн дунд газрын чулуу” хэмээн үнэлэгдэж явсан эрхмийн автомашины осол мөн л араасаа олон хардлага дагуулсан даа. Тэр болгон осол гардаггүй Төв аймгийн замд осолдсон, нүүрсгүй газар атлаа нүүрсний ширхэг байсан, бууны сум олдсон гэх мэтээр хэргийг олон ч удаа шалгасан. Бүртийх ч цасгүй цагаан зам дээр осолдсон, осол гарсныг мэдээд хань нь очих үед хоёр цагдаа мөн тэнд нь явж таарсан, анх хэргийг нь авсан цагдаагийн албан хаагч боомилж амиа хорлосон, машиныхаа цонхоор 32 метрийн зайд шидэгдсэн байсан гээд л энэ хэргийн тухай олон, олон дуулиан ар араасаа дэгдсэн ч тэгсхийгээд намжиж байв. Хэргийг нэлээд олон удаа задалж шалгасан ч мөн л цаг хугацааны эрхээр “мартаж” орхижээ. 2000 оны сонгуулиар Ардчилсан нам бүх шатандаа ялагдаж, парламентад ганц суудалгүй хоцрох шахаж байхад Ж.Наранцацралт агсан нүүр тахалж, нэг суудал зулгааж байлаа.

Ардчиллын төлөөх таван намын нэг болох Үндэсний шинэ нам /МҮАН/-ыг үүсгэн байгуулсан гээд ардчилалд оруулсан түүний хувь нэмэр үнэлж барамгүй их. Тэр ч байтугай 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж, өөрийнхөө гэрийн нэг өрөөнд сонгуулийн штаб удирдан ажиллах залуусыг байр­луу­лахаар бэлтгэж байс­ныг түүний хань нь нэгэн ярилцлагынхаа үеэр дурдсан байдаг билээ. Мөн нэг намд мөр зэрэгцэн зүтгэж явсан Ц.Элбэгдорж талийгаачийг оршуулах ёслолд оролцоогүйд хүү нь гомдож явдаг тухайгаа ч ярьж байсныг нь олон хүн мэднэ дээ. Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан, ардчиллаар овоглосон энэ хүнийг ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор тэд эргэн дурсахыг хүсээгүй юм. Ардаа олон асуултын тэмдэгтэй үлдсэн үхлийнх нь талаар үр хүүхэд, хань ижилд нь тодорхой хариулт өгч чадаагүй юм. “Өвөрт нь унтах шахам нөхөрлөж явсан үе тэнгийн найз, журмын нөхөд нь талийгаачийг өнгөрснөөс хойш сураг ажиггүй болсон” хэмээн талийгаачийн эхнэр 2010 онд ярилцлага өгч байсан нь энэ бүхний хариулт болох биз ээ. 

Ардчиллаар овоглож явсан дараагийн нэг улстөрч бол Г.Батхүү агсан. Өнгөрөгч оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд ажлаар ороод тэр эргэж гарч ирсэнгүй. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан улстөрч мөн л Төрийн ордны хоёр давхрын гонхноос учир битүүлгээр унаж амиа алдсан билээ. Нөгөөх л араасаа хардлага дагуулсан эмгэнэлт үхлээр тэр амиа алдсан юм. Тэрхэн үедээ АН-ынхан мэдэгдэл гаргаж, Олон улсын парламентын холбоонд хандаж үхлийн шалтгааныг тодруулах ёстой хэмээж баахан “шоудсан” ч дахиад л мартаж орхив. Өнчирч хоцорсон хүүхдүүд нь хэвлэлийн хурал хийж “Үхлийн шалтгааныг өнөөдрийг хүртэл тодорхой болгосонгүй. Зүүн талаараа унасан атлаа баруун нүдэндээ хөхөрчихсөн. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт нь тархинд цус харваснаас болоогүй гэж гарсан. Миний аавын үхлийн шалтгааныг олох талаас нь анхаарч өгөөч” хэмээн уйлан гуйж байв. Бас нэг учир битүүлэг үхэл АН-ын лидер улстөрчийг авч одов. Дахиад л Ардчилсан нам дуугарсангүй. Дуугарлаа ч тэр нь жинтэй дуулдсангүй ээ. Орон гэртээ, автомашиндаа, бүр ажиллаж байсан Төрийн ордондоо ардчиллын лидерүүд учир битүүлгээр амиа алдсаар. Ардчилал харин байх ёстой зүйл шиг, байсаар ч ирсэн үйлдэл шиг хүлээж авсаар байх гэж үү. Цаашдаа...?????