ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Тэмүүжин: НДС-гийн 200 тэрбум төгрөгийг Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын зөвшөөрлөөр “Капитал банкинд” хадгалуулсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-07

 

АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр АН-ын Улстөрийн газрын дарга Ц.Уртнасан, Санхүүгийн албаны дарга Ч.Чулуунчимэг нарыг баривчлан, эрүүгийн хэргээр яллагдагчаар татсан байна. Энэ нь УИХ-ын сонгуультай холбоотой зохион байгуулалттай улс төрийн акци хэмээн АН-ын зүгээс үзэж байгаа аж. Энэ талаар АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэлэхдээ “Болж буй үйл явцтай холбогдуулан хэд хэдэн баримт ярих ёстой. Нийгмийн даатгалын сан 2005 оноос хойш 47 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж ирсэн. Ц.Уртнасан дарга тухайн үеийн НДГ-ын даргаар ажиллаж эхлээд 268 тэрбум төгрөгийн ашиг орлоготой болгон нэмэгдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 47 тэрбум төгрөг олж байсан байгууллагын орлогыг 268 болтол нь өсгөж, ашигтай ажиллуулсан. Эдгээр тоонуудаас харахад хэн нь хариуцсан ажлаа сайн хийв, хэн нь нийгмийн даатгалын санг хоосруулав гэдэг нь тод харагдаж байна. Улс төрийн зохиолтой, зохион байгуулалттай баривчилгаа явагдлаа. 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг, 2017 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус тухайн үеийн сайд нарын зөвшөөрлөөр Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан.

Гэтэл Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байгааг эсэргүүцэж байна. Дээрх шилжүүлгүүдийг хийх үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Н.Номтойбаяр, С.Чинзориг нар тус тус ажиллаж байсан. Тэднээс өмнө ашигтай ажилласан албан тушаалтан хариуцлага тохоож болохгүй” гэлээ.

Тэрбээр “МАН, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк гэгддэг Капитал банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж тус банкыг дампууруулсан.  Дампуурсан Капитал банкинд төрийн 31 байгууллага нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна Нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын зөвшөөрлөөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон.

Гэтэл Капитал банкны дампуурлаас болж Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна.

Сайд асан Н Номтойбаяр, С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго захиалгыг гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байна.

2013-2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкинд хадгалуулсан гэрээ контракт нь 2017 онд дууссан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг.

Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга Ерөнхий сайд Ухнаагийн Хурэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна” хэмээн мэдээллээ.