ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: Монголчууд казинод тоглох хэрэггүй, хэзээ ч хождоггүй юм

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-10

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр УИХ-ын намрын чуулганы үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, байр сууриа илэрхийлсэн юм. Зөвлөлийн дарга орон нутагт томилолттой байгаа учраас энэ удаагийн зөвлөлийн хурлыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хийлээ. Тэрбээр, сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм. 

-Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат яагаад байхгүй байна, мөн түүний казинод тоглож байсан зураг бичлэг тарсан тухай АН-ын зөвлөлийн зүгээс ямар тайлбар өгөх вэ?

-Д.Эрдэнэбат дарга хөдөө орон нутгийн томилолттой явж байгаа. Хувь хүний асуудлаар би тайлбар хийхгүй.

-Таны тоглож байсан зураг гарсан. Энэ тал дээр та тайлбар хийж болох уу?

-Тэр зураг бол эртний зураг. Нэгдүгээрт, би гэр бүлийхэнтэйгээ амралтаараа явж байгаад, зочид буудлын өгсөн 50 ам.долларын ваучерээр орж тоглосон. Хоёрдугаарт, казинод тоглох тухай асуудлыг ямар нэгэн хуулиар зохицуулаагүй байсан. 2019 оны дөрөвдүгээр сард Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, казино тоглохыг хориглосон. Түүнээс хойш би тоглоогүй, тоглохгүй. Би хуулиа дэгээ барьдаг хүн. Гуравдугаарт, төрийн олон арван тэрбум төгрөгөөр тоглосон нөхдүүд байна, компанийхаа, гэр бүлийнхээ олон сая төгрөгөөр тоглосон ч хүн байна. Би нэг зүйлийг маш сайн мэднэ. Казинод хэзээ ч хождоггүй юм. Тийм учраас монголчууд казинод тоглох хэрэггүй.

-Ардчилсан намын удирдлагууд БНХАУ-д айлчлал хийсэн байна. Энэ талаар 2020 оны сонгуульд тодорхой хэмжээний санхүүжилт авах тухай ярьж байна. Энэ тухай?

-Ардчилсан намын удирдлагууд БНХАУ-д айлчлал хийсэн. Ер нь бол өнгөрсөн хугацаанд хоёр том нам Монгол улсын эдийн засгийг бүрэн удирдаж явсан. Монгол улсын эдийн засагт бүрэн ач холбогдолтой орон бол урд хойд хөрш орнууд байдаг. Экспортын 90 хувь нь гардаг БНХАУ-тай сайн хөршийн харилцаатай байх нь энэ Монгол улсын нийгэм эдийн засаг, бүх л зүйлд чухал. АН аливаа нэгэн улс орон, мөн түүнчлэн томоохон аж ахуй нэгжүүд, олигархиудаас нэг ч төгрөгийн хандив хөрөнгө оруулалтыг төрийн сонгуульд зориулж авахгүй. Тийм учраас бид бүхэн өөрсдийн боломжоор гишүүд дэмжигчид мөнгө төгрөг хандивлаж, энэ асуудлаараа намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа. 

-Нийгмийн даатгалын сантай холбогдуулан НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг хорьсон. Цаашлаад С.Эрдэнэ даргатай холбож энэ асуудалд анхаарал хандуулаад байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний ойлгосноор нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкинд хадгалахдаа нэг жилийн гэрээ хийдэг. Тухайн жилийн гэрээ хийгдээд, энэ гэрээний дагуу нийтдээ 240 гаруй тэрбум төгрөгний ашигтай Нийгмийн даатгалын санг ажиллуулсан гэж тухайн үедээ н.Уртнасан даргыг магтаж байсан. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа энэ жил бүр байгуулагддаг гэрээг өөрчилж, өөр сайн банкинд байршуулахгүй өнөөдрийг хүртэл явж байсан нь одоогийн эрх баригчдын буруу. Тухайн үед Капитал банк Монгол банкнаас гаргасан үнэлэмжийн дагуу сайн банкинд орж байсан. Тиймээс энэ төрийн мөнгийг хадгалуулах эрх зүйн боломж нь байсан гэсэн үг. Тэгэхээр  Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Капитал банкинд алдаж туусан өнөөгийн эрх баригч нар өөрсдийнхөө энэ асуудлыг УИХ-ын сонгуулийн үеэр гарч ирэхвий гэсэн айдсаасаа болоод Ардчилсан намын аль хэдийн ажлаасаа гарсан тэр хүнийг барьж хорьж байна. Энэ бол цэвэр улс төрийн шалтгаантай.

-Ардчилсан намын хувьд өнгөрсөн хугацаанд хэр сайн сөрөг хүчин болон ажилласан бэ? Засгийн газрыг унагах тухай асуудал гараад ирэхээр эрх баригч намын гишүүд хоёр хуваагдаж асуудлаа шийдэж чадахгүйд хүрээд байсан.

 

-Үнэхээр долоон гишүүн гэдэг цөөн юм. Өдөр болгон бүх зүйлрүү цөөн хэдэн хүн гал тавиад яваад байна гэдэг бол энэ улс төрийн энэ урт үед үнэ хүндээ алдах нөхцөл байдалхруу ордог. МАН өнөөдөр засаг барьж байхдаа маш их алдаа хийсэн. Алдаа бүр дээр дөрөөлж тэдний шархыг сэдрээх боломж энэ цөөхөн гишүүдтэй зөвлөлийн хувьд байсангүй. Гэхдээ бид сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлсэн. Нэг зүйлийг сануулахад МАН, ЖДҮ-ийн, 60 тэрбумын гэж хоёр хуваагддаг. Бид аливаа том асуудлууд буюу, өөрөөр хэлбэл засаг огцруулах асуудал дээр Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулж өгсөн нь АН-ын зөвлөл, У.Хүрэлсүхийн засгийн газрыг байгуулж өгсөн нь ч АН-ын зөвлөл, сая хүртэл Н.Номтойбаярыг явуулж өгсөн нь ч АН-ын зөвлөл байгаа. Тэгэхээр аливаа том асуудал дээр МАН хоёр хуваагддаг. Тэр том асуудлыг шийддэг нь АН-ын зөвлөл гэж ойлгож болно.