ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баттулга: Хятадын коммунист намтай санхүүжилтийн талаар огт яриагүй

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-02-12

АН-ын дэд дарга,  Гадаад харилцаа хариуцсан дэд дарга Б.Дэлгэрмаа,  Ардчисан намын Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа хариуцсан дэд дарга Б.Баттулга нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд  АН-ын Гадаад харилцаа хариуцсан дэд дарга Б.Дэлгэрмаа хэлэхдээ, “Ардчилсан намын удирдлагууд БНХАУ-д айлчлахдаа сонгуульд зориулж хандив авсан гэх худал мэдээлэл сүүлийн үед цахим орчинд цацагдах болсон.  БНХАУ-ын Коммунист Намын урилгаар АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид  2019 оны арваннэгдүгээр сард тус улсад айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр улс хоорондын найрсаг харилцаа,  улс төрийн намуудын хамтын ажиллагааны хүрээнд яриа хэлэлцээ хийсэн. Хятад Монголын улс төрийн намууд хамтран ажиллаж ирсний нэг жишээ нь АН -ын төлөөлөгчдийн албан ёсны айлчлал байсан.Тиймээс дээрх мэдээлэллийг няцааж тайлбар өгч байна” гэлээ. Мөн тэрбээр, “УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагаах, гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг зарим намын удирдлагууд болон нэр нь тодорхойгүй хаягаас тарааж байгааг манай намын гишүүд, дэмжигчид эрс эсэргүүцэж байна. Монгол Улсын нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, улсынхаа нэр хүндийг эрхэмлэн үзэх,  аливаа сонгуулийн сурталчилгаа, өөрсдийн улс төрийн байр суурийг илэрхийлэхдээ гадаад улсын нэр хүндэд бүдүүлгээр халдах, ард түмнээ талцуулах, өдөөн турхирах, ор үндэсгүй гүтгэн доромжлохоос ангид, бие биенээ хүндэтгэн үйл ажиллагаагаа явуулахыг АН-ын зүгээс нийт улс төрийн нам, хүчнүүдэд уриалж байна” гэсэн юм. Харин тус намын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулга “Айлчлалын хүрээнд намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон юм. АН  БНХАУ-ын Коммунист намтай гагцхүү сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд аливаа уулзалт, яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэг, санхүүжилтийн талаар огт дурдаагүй. Яриа, хэлэлцээ хийгээгүй. Цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдээлж байна” хэмээлээ.

...Хурлын төгсгөлд АН-ын дэд дарга,  Гадаад харилцаа хариуцсан дэд дарга Б.Дэлгэрмаагаас цөөн асуулад хариулт авлаа.

-АН-ын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн юу байсан бэ?
-БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Коммунист намтай манай улстөрийн гол хүчнүүд байнга харилцдаг. АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн айлчлал нь хоёр жилийн өмнө яригдаж, хийгдсэн айлчлал байсан. БНХАУ-ын 70 жилийн ойг тохиолдуулан хийсэн бөгөөд айлчлалаар сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улс төрийн намуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр ярилцаж, хамтран хэрэгжүүлж болох ажлуудаа ярилцсан. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Хятад Улсын хөгжилтэй танилцуулах, аялуулах талаар ярилцсан.

-АН БНХАУ-ын Коммунист намаас ямар нэгэн санхүүжилт авч байсан уу?
-Энэ нь хуулиараа хориотой. Тиймээс ямар ч санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Манай намын гишүүн Ж.Амарсанаа эмч БНХАУ-д туслая гэдэг санаачилгыг гаргасан. Энэ нь түүний өөрийн шийдвэр бөгөөд намын шийдвэр байгаагүй.