ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Доромжлолыг пиараар залруулсан “шарк”

А.ОДСҮРЭН
2020-02-12

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан хэргийг цагдаагийнхан нэлээд удаан шалгаж байгаа. Үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаагаа талийгаачийн хүүхдүүд мэдээлэл хийж, баримт дэлгэсэн. Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа. Харин түүний дүү, Монголын нэр нөлөө бүхий эмэгтэй Н.Цэлмүүн өөрийн цахим хуудастаа “Бичлэг байхгүй. Залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан “Г” гэгчийн байгаа гэх худал үг хангалттай байж. Үнэн хэзээд ялна. Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн залуучууд. Нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй. Эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр” хэмээн бичсэн нь олон хүнд таалагдсангүй. Ялангуяа сүүлчийн хоёр өгүүлбэр. Боловсролтой, юм үзсэн, сэхээтэн бүсгүй ахыгаа өмөөрөх нь зүйн хэрэг ч эцгийгээ алдчихаад амьдын тамд унаж яваа үе тэнгийн залуусыг арчаагүй хэмээн доромжилсон нь таалагдсангүй. Тэр ч байтугай “Хэрвээ үнэн л юм бол би найман сар хүлээлгүй шууд л орилж чарлаад овоо л юм болно” хэмээн тавласан байв. Доромж үгээр дайрахаасаа өмнө сайн бодох учиртай байж. 

Алдаагаа ухаарсан уу, эвгүй зүйл бичсэндээ эмзэглэсэн үү, олны хэл амыг дарах гэсэндээ юу, коронавирусын тархалт ихэсч байгаатай холбогдуулан компанийнхаа ажилчдыг нэг сарын цалинтай чөлөө өгч гэрт нь амраахаар боллоо гэж хэвлэлүүдээр мэдэгдэл гаргалаа. Хажуугаар нь “Манай компанийн ажилчид 1.5-2.5 сая төгрөгийн цалин авдаг” хэмээн рекламдахаа ч мартсангүй. Н.Цэлмүүн барж идэх бүсгүй биш гэж түүний хүрээллийнхний ярьдаг оргүй биш бололтой. Хэчнээн эерүүлэх гээд ч түүний тухай ойлголт нэг тиймэрхүү болчих шиг боллоо. Толгой баяны ганц охин гэсэндээ гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, банк санхүүгийн муугүй мэдлэгтэй Н.Цэлмүүн Худалдаа хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээс ХАС банкны ТУЗ-ийн гишүүн, гэр бүлийнхээ МАК компанийн эзэн болтлоо нийгэмд боловсорсон, тэр хэрээр танигдсан нэгэн. АНУ-ын Индианагийн Валпарайсо их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр, Хонконг дахь Стэнфордын их сургууль болон Харвардын хөтөлбөрүүдэд хамрагдсан гээд өдий насанд байхааргүй чамбай боловсролыг эзэмшсэн. Барууны амьдралын хэв маягаар амьдарч ирсэн энэ бүсгүй Ерөнхий сайд асан Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшигтэй тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй тансаг хурим хийж, гурав дахь амьдралаа эхлүүлсэн, Монгол HD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн нэг шаркаар бүр илүү олны хараанд өртөх болсон. Монголын толгой баячуудын хүүхдүүд нийлж “Монголыг аваръя” нэртэй клуб байгуулсан бөгөөд Н.Цэлмүүн, О.Чулуунбат агсны хүү Ч.Бөртөнбат, “Гачуурт”-ын Чинбатын охин Ч.Номин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах, Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул, “ХАС”-ын Ч.Ганхуягийн хүү Г.Ганзориг нар тэрхүү клубт нь байдаг гэх.