ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар: ОХУ-ын өмчлөлд байсан 550 гаруй орон сууцыг иргэдэд өмчлүүлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-12

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд хуралдаж байна. Тэгвэл хуралдаанаас хэд хэдэн чухал шийдвэр гараад байгаа аж. Тодруулбал, ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлж авсан байр /оросуудын гэж нэрлэгддэг/-уудыг оршин суугчдад нь хувьчлахаар болжээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хувьчлах бэлтгэлээ хангаж II улиралд Засгийн газарт танилцуулах юм байна. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хорооллын XVII байр, БЗД-ийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байрыг “Ээрмэл” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байгаа.

Иргэд байраа хувьчилж авах хүсэлтээ өнөөг хүртэл удаа дараа гаргаж байсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахаар баримт бичигт гарын үсэг зуржээ. Мөн энэ өдрийн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр болон хувьчлахаар болсон аж. 

Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын
-22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд
-20 хувь нь албан тушаалын орон сууцанд
-4 хувь нь албаны гэрт
-39 хувь нь хувийн хашаанд
-10 хувь нь айлын байр, хашаанд амьдарч байна.

Олон жил яригдсан энэ асуудлыг шат дараатайгаар ЗГ-ын хурлаар Батлан хамгаалахын сайд Н. Энхболд шийдүүлж байна.